Хэн юу хэлэв...
Д.Амарбаясгалан: Парламентын хяналтыг үйл ажиллагааныхаа соёл болгон төлөвшүүлэх нь чухал
Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд,
Эрхэм хүндэт Элчин сайд, эрдэмтэн судлаач, зочид төлөөлөгчид өө
Өнөөдөр бид Монгол Улсын ардчилсан засаглалын тулгуур багана болсон парламентын хяналтын тухай, энэ хяналтыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх тухай хэлэлцэхээр чуулаад байна.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль бүсчилсэн, холимог тогтолцоогоор явагдаж, түүний үр дүнд улс төрийн 5 нам, нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ парламент бүрдээд байна. Бид хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх, ард иргэдийн төрдөө итгэх итгэл, хүлээлтийг бодит болгох, шинэ үеийн парламентыг төлөвшүүлэх томоохон зорилтуудыг тавин ажиллаж эхлээд байна.
Энэ хүрээнд Улсын Их Хурлаас батлагдан гарч буй хуулиуд хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргах, хуулийг иж бүрэн зохицуулалттай, тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг зөв тодорхойлох зорилгоор “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд байна.
Улмаар Улсын Их Хурлын гишүүдээс санал авсны үндсэн дээр холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үнэлэх, хэрэгжилтийг нь эрчимжүүлэх үүрэг бүхий 54 ажлын хэсэг байгуулагдан ажиллуулж байгаагаас 15 нь Монгол Улсын Их Хурлын хяналтын чиг үүрэгтэй холбоотой ажлын хэсэг юм.
Мөн саяхан батлагдсан Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөнд Улсын Их Хурал хууль тогтоомжийг боловсруулах, төлөвлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шатанд нэн тэргүүнд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг тавина хэмээн заасан. Үүнээс гадна хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих байнгын тогтолцоог бэхжүүлж, үр нөлөөг тогтмол судлан, түүнд үндэслэн хуулийг чанаржуулна хэмээн тусгасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах” онцгой бүрэн эрхийг хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж, хангах Засгийн газрын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах нь Монгол Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар “Улсын Их Хурлын үндсэн зорилт нь ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад орших ба хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй” гэж заасан байдаг. Улмаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан.
Тус хуулиар Монгол Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл, хууль зүйн үр дагаврыг тодорхойлох, мөн хянан шалгах түр хороо байгуулах эрх зүйн зохицуулалттай болсон. Үүнээс гадна төрийн аудитын байгууллага, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл зэрэг бие даасан, хараат бус байгууллагад түшиглэн, тэдгээрийг хянан шалгах чиг үүргийнх нь хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаанд татан оролцуулах асуудлыг мөн тусгасан байна.
Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр баталсан. Уг хуульд дэлхийн улс орнуудад хэрэгждэг сайн туршлага бүхий зарим зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, Байнгын хорооддоо төвлөрсөн, хяналт шалгалтыг төлөвшүүлэх зорилгоор, гишүүний саналыг хүлээн авч хэлэлцсэний үндсэн дээр тухайн Байнгын хороо хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргадаг болсон. Улсын Их Хурлаас хийсэн хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээний тайланг холбогдох Байнгын хороо хүлээн авснаас хойш нэг сарын дотор хэлэлцэн, шаардлагатай гэж үзвэл нэгдсэн хуралдаанд оруулах буюу заавал хэлэлцдэг зохицуулалттай болсон.
Түүнчлэн Парламентын ардчиллыг бэхжүүлэх, хүчтэй сөрөг хүчнийг бүрдүүлэх чиглэлээр хяналт шалгалтын эрх хэмжээг нэмэгдүүлсэн. Жишээ нь цөөнхийн бүлэг төсвийн хяналтын сонсголыг санаачлах, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос явуулсан хяналтын сонсголын тайлан, түүнд өгсөн санал дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд шууд танилцуулах гэх мэт шинэ боломжууд бий болсон.
Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн биелэлтэд системтэй хяналтыг хэрэгжүүлэх нөхцөл бүрэн, хангалттай бүрдсэн. Цаашид бид парламентын хяналтыг үйл ажиллагааныхаа соёл болгон төлөвшүүлэх нь чухал байна. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт болон түүнд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагуудын хяналт шалгалтын үйл ажиллагаа уялдаа холбоотой, давхардал хийдэлгүй байхад анхаарч, хяналт, үнэлгээг үр нөлөөнд чиглүүлэх нь нэн чухал үүрэгтэй.
Эрхэм гишүүд ээ,
Эрдэмтэн судлаач, салбарын мэргэжилтнүүд ээ
Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлж, түүний нөлөөг нэмэгдүүлэхэд та бүхний сайн туршлага, оролцоо чухал ач холбогдолтой юм.
Монголын ардчилсан засаглалын үндэс суурийг бэхжүүлэн хамгаалахын төлөө цаашид ч тууштай хамтран ажиллахыг уриалж байна. Мөн парламентын хяналтын үйл ажиллагааг тогтмолжуулах чиглэлээр Улсын Их Хурлын Тамгын газар онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгож байна.
Улаанбаатар хот
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
-
Дэлхий нийтээр..2021/06/14
Ойрын хавьтлуудад шинжилгээ хийх автобустай багуудыг ажиллуулж эхэллээ
-
Үйл явдал2024/08/05
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад улаанбурхан өвчний хоёр тохиолдол бүртгэгдээд ба...
-
Үйл явдал2025/06/18
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2023/05/10
Зайсангийн зарим замыг шөнийн цагаар эсрэг урсгалтай болгоно
