Үйл явдал
Архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэн энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ
Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны 385 жил, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жил, Нийслэл Хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Архивын газар, Улаанбаатар хотын музей хамтран 11 дүгээр сарын 18-27-ны хооронд зохион байгуулж байна.
Энэхүү үзэсгэлэнгийн үзмэр нь хэсгээс бүрдэх юм. Тодруулбал,
- 1639 онд Өндөр гэгээн Занабазарын “Шар бөсийн орд” байгуулагдаж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын шав тавигдсанаас эхлээд Өргөө, Их Хүрээ, Нийслэл Хүрээ хэмээн нэрлэгдэж байсан үед холбогдох үзмэрүүд тавигдсан. Үүнд, Өндөр гэгээн Занабазарын хөрөг зураг, Өндөр гэгээн хийгээд Эрдэнэ зуугийн хийдийн түүхэнд зориулсан сурвалж зохиолын хуулбар, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Анхны Өргөө”, “Хүрээний нүүдэл” уран зураг, хутагтын “Ривогэжайганданшаддувлин“ хийдийн уран зураг, Их Хүрээг Сэлбийн хөвөөнд суурьшуулсан, Хүрээний хурал номын гол хэсгээс Хятад худалдаачдыг нүүлгэн шилжүүлсэнд холбогдох архивын баримтыг байрлуулжээ.

- 1924 онд нийслэл хотын Түр, Жинхэнэ захиргааны анхны дарга М.Баярын гэрэл зураг, Нийслэл Хүрээг Улаанбаатар хот хэмээн нэрийдэх, хотын түр захиргааг жинхэнэ захиргаа болгох тухай Улсын Анхдугаар Их Хурлын тогтоол, нийслэлийн Түр Захиргааны дарга, гишүүдийг сонгож томилсныг баталсан Хороодын төлөөлөгчдийн хурлын тогтоол, Түр захиргааны дүрмийг баталсан Ардын Засгийн газрын хурлын тогтоол, Монгол Улсын хотын түр захиргааны дүрэм, Улаанбаатар хотын захиргааны газрын дагаж явах дүрэм, Улаанбаатар хотын олон хороодын дарга нарын дагаж явах дүрмийн бичмэл болон хэвлэмэл эх, Нийслэлийн Түр, жинхэнэ захиргааны тамга, 15 дугаар хорооны захирлагын тэмдэг, Нийслэлийн хороодын төлөөлөгчдийн анхдугаар хурлын тогтоол, Хотыг сайжруулах комиссын хурлын тогтоол, хотын жинхэнэ харьяат болохыг хүсэгчид, хотын амьдралыг харуулсан баримт, гэрэл зургийг байрлуулсан байна.

- 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хууль, Үндсэн хууль зохиох бэлтгэл ажил, Анхдугаар Үндсэн хуулийн төсөл зохиох комиссыг томилсон тогтоол, Д.Бодоо, Ж.Цэвээн нарын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл, Анхдугаар Үндсэн хуулийг баталсан Улсын Их Хурлын тогтоол, Үндсэн хууль зохиох комиссын гишүүд болон Үндсэн хуулийн төслийг боловсруулах, баталсантай холбогдох гэрэл зургийг байрлуулжээ. Үзэсгэлэн Хангарди ордны "Б" байрны нэг давхарт энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ.








Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Үйл явдал2021/09/16
Нийслэлд өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана
-
Дэлхий нийтээр..2023/10/18
Монголын боксын өсвөр, залуучуудын баг тамирчид Астанаг зорив
-
Дэлхий нийтээр..2021/07/01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрдэмтдийг дэмжин ажиллана
-
Үйл явдал2020/11/17
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
