Хэн юу хэлэв...
Г.Довчиндорж: Баавгайн төрлийн амьтдын эмэгчинүүд хоёр жилд нэг удаа үржилд ордог
-Мазаалай баавгайн хамгааллын ажил хэр хийгдэж байна. Одоо тоо толгой хэд орчим байгаа вэ?
-Мазаалай баавгай монгол орны нэн ховор амьтан. Анх шинжлэх ухаанд нээгдэж, манай оронд мазаалай гэдэг амьтан байгаа гэдгийг мэдсэнээс хойш албан ёсоор нэг л удаа тооллого зохион байгуулсан. Энэ тооллогын 2004 онд хийж, 20-22 мазаалай байна гэсэн тоо гарч байв. Бусад тоон мэдээлэл нь тооллогын үр дүн гэхээс илүү судлаачдын урт хугацааны ажиглалт, дэвшилтэд технологи ашигласан судалгааны үр дүнгүүд юм. Судлаачдын тоо харилцан адилгүй байдаг нь тэдний хэрэглэж байгаа арга зүйтэй холбоотой. Зарим нь ул мөрөөр, биеэр үзэгдсэн байдлыг үндэслэж гаргасан тоо байхад, зарим нь автомат камерын судалгаанд үндэслэж гарсан байх жишээтэй. Хамгийн сүүлд Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газартай хамтарч мазаалай хамгаалах чиглэлээр ажилласан судалгааны багийн 2022 онд гарсан тоогоор 52-55 мазаалай баавгай байна гэж бүртгэгдсэн. Энэ тоог мазаалайн үсний дээжийг урхи ашиглан цуглуулж, генетикийн мэдээлэл ялгаж гаргасан байдаг. Ийм мэдээллээр хэчнээн баавгай байгааг мэдээд зогсохгүй тэдгээрийн нас, хүйс, удам төрлийн холбоог тодорхойлох боломжтой. Байгаль хамгааллын хувьд мазаалай баавгайн тоо толгой хэд байгаа нь номер нэг чухал асуудал биш. Харин тухайн популяци хэр эрүүл бүтэцтэй байгаа нь өөрөөр хэлбэл эр, эм бодгалийн болоод эх төлийн тооны харьцаа хэр зөв байгаа эсэх нь илүүтэй сонирхол татдаг.
-Манай улс мазаалай баавгай хамгаалах тал дээр ямар ямар чухал ажлууд хийж байсан бэ?
Мазаалай баавгай болон хавтгай тэмээний амьдрах орчныг хамгаалах зорилгоор Говийн Их Дархан Цаазат Газрыг А, Б хэсэгтэйгээр 1975 онд байгуулсан. Ирэх жил 50 жилийн түүхэн ой тохионо. Тус дархан газар нь хамгаалж буй нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд эхний 15 -д багтдаг. Энэ бол миний бодлоор мазаалай хамгаалах талаар монголын төрөөс авч хэрэгжүүлсэн хамгийн далайцтай ажлын нэг байх. Дараа нь 1987 оноос мазаалай баавгайд нэмэлт тэжээл тавьж өгөх ажлыг хийж эхэлсэн. Ингэснээр ган гачигтай жилүүдэд баавгайг өлбөрч үхэхээс сэргийлэхэд чухал ажил болж чадсан. Мөн мазаалай амьдарч байгаа бүс нутагт ус цэгийн тоог нэмэгдүүлэх, шинээр гаргах, хөв байгуулах гэх мэт биотехникийн шинжтэй ажлууд олноор хийгдэж байгаа. Сүүлийн жилүүдэд автомат камерын судалгааг түлхүү хэрэглэж байгаа.

-Ховор амьтдыг өсгөж үржүүлэх, хамгаалах ажлыг хэрхэн хийж байж, тоо толгойг нь нэмэгдүүлэх вэ. Судалгааны ажил хийгдэж байгаа юу?
-Мазаалай дэлхий дээр байгаа бусад баавгайн зүйлүүдтэй харьцуулахад говь цөлд амьдардгаар онцлогтой. Мөн тоо толгойн нэн цөөн. Манай орны хувьд мазаалай баавгайг 2023 онд “Монгол орны бахархалт амьтан” болгож зарласан. Манай улсын хууль эрх зүй болон нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцоор эрх зүйн хувьд нэлээд сайн хамгаалагдсан.
Судалгааны тухайд сансрын болон радио дохиолол бүхий хүзүүвч зүүх ажил хийгдэж байгаа. Одоогоор 30 орчим мазаалайд хүзүүвч зүүж мэдээлэл цуглаад байна. Сүүлийн 2 жилд хоёр мазаалай баавгайд шинээр хүзүүвч зүүсэн. Мөн автомат камер, генетикийн судалгаанууд хийгдэж байгаа.
-Тоон толгойн яагаад өсөхгүй байна вэ?
-Байгаль дээр үржил явагдсаар байгааг автомат камер болон шууд ажиглалтаар бүртгэж байгаа бамбаруушнууд харуулж байна. Жил бүр шахуу нялх бамбарууш автомат камерт бүртгэгддэг.
Өөрөөр хэлбэл төл бол авч байгаа. Гэвч тухайн бамбаруушнуудаас хэчнээн нь 2-3 нас, цаашлаад бие гүйцэж байгаа эсэх нь тодорхойгүй. Баавгай төрлийн амьтад бага насандаа их хорогддог судалгаа бий. Үнэндээ бол мазаалай баавгайн тоо толгой бидний хүссэн шиг өсөөгүй байна.
Цаашид бид энэ ховор амьтны тоо толгойг өсгөе гэвэл хамгаалалын шинэ менежмент авч хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу гэж судлаачдын хувьд үздэг.Сүүлийн жилүүдэд хийгдсэн генетикийн судалгааны үр дүнгээс харахад мазаалай баавгай цөөн тооны бодгалиудад цус ойртолт маш өндөр гарсан байдаг. Цус ойртолт их байгаа нь нялх төлийн мэнд үлдэлтэд сөргөөр нөлөөлж магад учир түүний цусыг сэлгэх хэрэгтэй болов уу. түүний хамгийн ойрын цусан төрөл нь Гималайн хүрэн баавгай гэсэн судалгааны үр дүн ч бий. Энэ ажлыг лабораторийн нөхцөлд эсвэл тусгай бэлтгэсэн зориулалтын орон зай үүсгэж туршиж үзэх боломжтой. Онолын болон процессын хувьд бүрэн боломжтой гэж бодож байна.
БААВГАЙН ТӨРЛИЙН АМЬТДЫН ЭМЭГЧИНҮҮД ХОЁР ЖИЛД НЭГ УДАА ҮРЖИЛД ОРДОГ
-Таны ярианд баавгай бага насандаа хорогдох тохиолдол байдаг гэлээ. Шалтгааныг судалж байгаа юу?
-Ер нь энэ амьтны талаар маш олон зүйлийг бид одоог хүртэл таньж мэдээгүй байна. Судлахад ч тийм хялбар амьтан биш. тун цөөхүүлээ, алс зэлүүд газар амьдардаг. Судлаачдын ажиглалт, судалгааны үр дүн болон бусад баавгайн зүйлүүд дээр хийсэн үр дүнгээс харахад нялх төрлийн хорогдол өндөр байдаг гэдгийг түрүүн дурдсан. Үүнд зан төрхийн нөлөө ч байгаа байх.
Баавгайн төрлийн амьтдын эмэгчинүүд хоёр жилд нэг удаа үржилд ордог. Бамбаруушаа хоёр жил дагуулж өсгөдөг. Мал шиг жил бүр төллөдөггүй гэсэн үг. Үржилд орох нас бас хожуу. Гэтэл эр баавгайн хувьд жил бүр ороо ордог. Энэ үед эр баавгай нялх бамбарууштай эмэгчинтэй таарвал түүний үр төлийг устгадаг. Хэрэв нялх бамбаруушийг үгүй хийвэл эмэгчин баавгай тухайн жил дахин үржих боломжтой болно.
Эр баавгайны хувьд өөрийнхөө үр төлийг үлдээх нь хамгийн чухал. Арсланд ийм зан төрх байдгийг хүмүүс их сайн мэддэг дээ.Нөгөө талаараа Алтайн өвөр говийн байгалийн нөхцөл эрс тэс. Бага залуу амьтан дасан зохицож амьдрахад хүнд. Мазаалай баавгайн бамбарууш хоёр нас хүрээд эхээсээ салж, бие даан амьдарч эхэлдэг. Энэ үед аль ч төрлийн амьтанд хорогдол их гардаг. Учир нь эхийн хамгаалалт, нөмөр байхгүй болно гэсэн үг. Бие дааж хоол ундаа идэх чадвар дадлаас болдог байж болно.

-Манай оронд мазаалай баавгайг нутагшуулах ажил хийгдэж байсан уу?
-Одоогийн байдлаар тийм ажил хийгдээгүй. Харин мазаалай баавгайн үржүүлэх ажлыг хийх гэж оролдож байсан түүх бий. 2000 оны эхээр монголд анх мазаалай баавгай үржүүлэх төвийг ГИДЦГ-ын А хэсгийн орчны бүсэд байгуулж байсан. Байшин сав, хашаа хороо нь одоо хүртэл байгаа. Гэвч үржүүлгийн төвөө байгуулсан боловч баавгайгаа барьж авчраагүй.
-Яагаад?
Тухайн үед бидний зөвлөгөө авч байсан олон улсын судлаачид “мазаалай баавгайн талаар хангалттай мэдлэг мэдээлэл цуглаагүй гэж үзсэн. Иймд шууд байгалиас зэрлэг амьтныг авч ирээд үржүүлгийн төвд тэжээх нь өөрөө эрсдэл ихтэй гэж үзээд болгоомжилж энэ ажил зогссон.
-Одоо хийх боломжтой юу?
-Тухайн үед барьсан байшин барилга, хашаа саравчны тухайд бол 20 гаруй жил болсон учраас хуучирсан. Тэгээд ч өнөө үеийн амьтан үржүүлэх, өсгөх орчны стандарт шаардлагад нийцэхгүй болсон.
-Мазаалай баавгай ихэвчлэн хаагуур нутаглаж байна вэ?
-Мазаалай баавгайн тархац Монгол орны баруун өмнөд хэсэгт Говь-Алтай, Баянхонгор аймгийн хил залгаа таван сумын нутгийг дамнан оршдог. Үүнд: Говь-алтай аймгийн Алтай, Цогт, Эрдэнэ, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумд хамрагдана. Сүүлийн үеийн хүзүүвч зүүсэн мазаалай баавгайн мэдээллээс харахад тархац нь зүүн тал руу буюу Өмнөговь аймгийн баруун хэсэгт нэлээд гүн явсан үр дүн харагдаж байгаа.
Баавгай хоёр нас хүрээд өөрөө бие дааж амьдарч эхлэхдээ өөрийн эзэмшил нутгаа тэлэх оролдлого хийдэг бололтой. Хэдэн жилийн өмнө Говь -Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт мазаалай баавгай тохиолдож байв. Энэ нь үндсэн байршлаас 150-200 км-ын алсад явж байсан гэсэн үг. Мөн хүзүүвч зүүсэн баавгай улсын хил давж байсан тохиолдол ч гарч байсан.
МАЗААЛАЙ БААВГАЙ БАЖУУНА БУЮУ НАМХАН ГИШҮҮН ГЭДЭГ УРГАМЛЫН ҮНДСЭЭР ИХ ХООЛЛОДОГ
-Мазаалай баавгай голчлон юугаар хооллодог вэ?
-Баавгай төрлийн амьтад ангилал зүйд хувьд махчид. Гэхдээ идэш тэжээлийн хувьд холимог идэштэн. Мазаалай баавгай бажууна буюу намхан гишүүн гэдэг ургамлын үндсээр их хооллодог. Энэ ургамал түүний идэш тэжээлийн 60 орчим хувийг эзэлдэг. Дараагийн чухал хоол нь хармаг юм. Говийнхон их сайн мэднэ. Энэ ургамлын жимсээр түлхүү хооллодог. Мөн хөмүүл, зээргэнэ, хялгана, сухай зэрэг ургамлаар хооллодог. Тэр болгон амьтан барьж иддэггүй. Баавгайд баригдах амьтан ч ховор. Цөөхөн тохиолдолд жижиг мэрэгчид, шувуу, өндөг, гүрвэл, могой, царцаа бусад шавьж зэргээр хооллодог гэсэн судалгаа бий. Мөн хааяахан ховор тохиолдох сэг зэмээр хооллосон байдаг.
–Сүүлийн үед мазаалай хамгаалах тал дээр ямар ажлууд хийгдсэн бэ?
-Монгол улсын Засгийн газраас 2023 онд мазаалай баавгай “Үндэсний бахархалт амьтан” –аар зарлаж 2024 оныг “Мазаалай хамгаалах жил” болгосон. Энэ хүрээнд МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэд ажлын хэсэг байгуулан олон ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Тухайлбал,
- Мазаалай баавгайн тухай богино хэмжээний шторкуудыг бэлтгэн телевизүүдээр цацаж эхлээд байна.
- Мазаалай баавгайн нутгаар аялсан нь хүүхдэд зориулсан комикс ном гаргалаа
- Мазаалай баавгайн тухай баримтат кино хийгдэж байна
- Мөн судалгааны ажлыг дэмжих зорилгоор нэмж автомат камер худалдан авах ажлыг зохион байгуулж байна.
- Хамгийн ойрын ажил гэвэл 12.09 өдөр болох “Мазаалай баавгайн судалгаа хамгаалал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байгаа
- Хуралд мазаалай баавгайн тухай 10 орчим илтгэлийг үндэсний судлаачид болон АНУ, БНХАУ-ын судлаачид хэлэлцүүлнэ.
хурлын үйл ажиллагаа онлайнаар шууд олон нийтэд хүрэх тул эндээс иргэд мазаалай баавгайн тухай шинэ соргог мэдээлэл авах бүрэн боломжтой.
-Хурлаас ямар үр дүн гарахыг хүлээж байна вэ?
Бид үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайн талаарх мэдлэгээ хуваалцах сайхан завшаан болно. Нөгөө талаар цаашид төрөөс авч хэрэгжүүлэх хамгааллын төлөвлөгөөг гаргахад хуралд оролцож буй эрдэмтэн судлаачид, иргэний нийгэмийн төлөөлөл, олон нийтийн саналыг авах сайхан боломж бүрдэнэ гэж найдаж байна.
Танд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Үйл явдал2020/03/03
Хандивын дансанд 227 сая төгрөг төвлөрчээ
-
Үйл явдал2024/11/18
Улаанбаатарт өдөртөө 1 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2022/10/24
ХЭҮК-ын гишүүд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллалаа
-
Дэлхий нийтээр..2021/06/16
Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцлээ
