Дэлхий нийтээр..
Туулын хурдны замын тендерийг нэгдүгээр сард зарлаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхлүүлнэ
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрхийн гүүрээс эхэлж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх 6 эгнээ бүхий Туулын хурдны замыг барих бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох сайд нарт Туулын хурдны замын төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа.
Туулын хурдны замын тендерийг энэ сард багтаан зарлаж, бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Түүнчлэн 32 км урт хурдны замыг 24 сарын хугацаанд барихаар төлөвлөсөн.
Тус хурдны зам баригдсанаар Дархан болон Замын-Үүд чиглэлийн дамжин өнгөрөх авто тээврийн нэвтрүүлэх чадварыг сайжруулж, замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэх юм. Туулын хурдны замаар зорчиход хотын авто замтай нэг түвшинд огтлолцохгүй гүүрэн байгууламжуудыг шийдэж өгсөн. Замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр Улаанбаатар хотыг 80-100 км/цагийн хурдтай тойрон гарах боломжтой.

Хотын дарга Х.Нямбаатар “Өнгөрсөн 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар Туулын хурдны замын төсөлд зарим өөрчлөлт оруулж, 4 эгнээ байсныг 6 эгнээ болгосон, 13 гаруй км гүүрэн байгууламжтай болж зураг төсөлд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор тендерийн баримт бичгийг боловсруулах ажил хэд хоног хойшилж, энэ сарын 25-нд тендер зарлах төлөвлөгөөтэй байна. Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Тендерийн тухай хуулийн дагуу хамгийн бага үнийн саналаар хамгийн сайн тендерийн материал ирүүлсэн оролцогчийг ил тод, нээлттэй байдлаар шалгаруулж, тендерийг зохион байгуулна. 2025 оны дөрөвдүгээр сард бүтээн байгуулалтыг эхлэх ёстой. Бид бүтээн байгуулалтын ажилд ашиглах цемент, төмрийн дотоодын үйлдвэрлэгчтэй уулзалтууд хийсэн. 52-ын даваа орчимд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийлгэж, дүгнэлт гарах гэж буйг удахгүй Засгийн газрын хуралдаанаар танилцуулна. Туулын сав газарт археологийн олдворууд бий учраас олдворуудыг хөндөхгүй байх тал дээр ШУА-ийн эрдэмтэн судлаачидтай хамтарч ажиллана. Гүүрэн байгууламжууд хийгдэх учраас инженерийн нарийн хийцлэлтэй баригдана. Хурдны зам болон гүүрэн байгууламжуудыг барихдаа авто замын хөдөлгөөнийг хязгаарлахгүй” гэдгийг онцоллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар 2025 онд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад анхаарал хандуулан ажиллана. Энэ хүрээнд байнгын ажиллагаатай шуурхай штабыг байгуулсан. 2025 онд Улаанбаатар хотод хийгдэх томоохон бүтээн байгуулалтуудын нэг нь Туулын хурдны зам бөгөөд энэ зам нь зургаан эгнээ бүхий хэвтээ тэнхлэгийн хурдын зам, гэрлэн дохио болон уулзвар байхгүй. Босоо тэнхлэгийн зам мөн баригдаж Туулын хурдны замтай огтлолцоно. Хотын удирдлагууд 24 сарын хугацаанд хот доторх хурдны замыг барьж дуусгана гэж танилцуулсан. Үүнд, газар чөлөөлөлт, тендер, хөрөнгө оруулалтын ажлуудыг мөн зохион байгуулахаар байна. Нийслэлчүүд бид хамтдаа Улаанбаатар хотынхоо бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллахыг уриалж байна. Бид Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдол, эрчим хүч, түгжрэлийг шийдэхэд ажлуудыг хурдацтай хэрэгжүүлнэ. Эрх зүйн орчныг бүрдүүлэхэд мөн тусгайлан хуулиуд батлахаар төлөвлөж байна” гэж мэдэгдлээ.

Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2021/12/20
Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
-
Дэлхий нийтээр..2025/01/30
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Х...
-
Хэн юу хэлэв...2025/01/13
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэн...
-
Дэлхий нийтээр..2025/10/20
Агаарын чанарын явуулын лабораторитой боллоо
