Үйл явдал
Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ
Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хоёр улс болон Засгийн газар, байгууллага хоорондын нийт 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.
- “Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд стратегийн түншлэл тогтоосон тухай Хамтарсан тунхаглал”-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар гарын үсэг зурлаа.
Хоёр улс 2004 оноос Иж бүрэн түншлэлийн түвшинд харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн бөгөөд төрийн айлчлалын үеэр харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ. Ингэснээр манай улс есөн улстай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоолоо.
Мөн:

- “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Тогтмолын Мөнхсайхан, Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу нар гарын үсэг зурлаа.
Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, Монгол Улсаас тус улсад эмчилгээний зорилгоор зорчих иргэдийн тоо нэмэгдсэн. Иймээс эрүүл мэндийн байгууллага хоорондын харилцааг ойртуулан бэхжүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, өвчин эмгэгийн хамтарсан оношилгоо хийж, анагаах ухааны дэвшилтэт технологид суурилан анагаах чиглэлээр туршлага солилцох, хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтарна.

- “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний боловсролын сайд Юсүф Текин нар гарын үсэг зурав.
Хоёр улс багш, оюутан солилцох, боловсролын салбарын мэдлэг, мэдээлэл, туршлага хуваалцах болон хамтарсан төсөл, судалгаа хийх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх зэргээр хамтран ажиллана.

- “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Бүгд Найрамдах Турк Улсын Залуучууд, спортын сайд Осман Ашкын Бак нар гарын үсэг зурлаа.
Залуучууд, биеийн тамир, спортын байгууллагын харилцаа холбоог өргөжүүлэх, залуучууд, спортын салбарт хамтрах, залуучуудын хувь хүн, нийгэм, соёл, урлагийн хүмүүжлийн хөгжлийг дэмжих бодлого боловсруулах, шинжлэх ухаан, технологийн салбар болон инновацын санаачилгуудад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн хөтөлбөр боловсруулах зэрэг чиглэлээр ажиллана.

- “Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Салдангийн Одонтуяа, Бүгд Найрамдах Турк Улсын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Мурат Курум нар гарын үсэг зурав.
Байгаль орчны менежмент, уур амьсгалын өөрчлөлт, цэвэр үйлдвэрлэл, биологийн олон янз байдал болон тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны мэдээллийн систем, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллана.
- “Ойн аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Салдангийн Одонтуяа, Бүгд Найрамдах Турк Улсын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Мурат Курум нар гарын үсэг зурлаа.
Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, мод тарих, модны тарьц, суулгац үржүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн хөнөөлт шавж, ой, хээрийн түймэртэй тэмцэж, шаардлагатай материал, техник хэрэгслээр хангаж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлнэ. Ойн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шинжлэх ухаан, байгаль орчны судалгаанд тулгуурлаж дэвшилтэт арга барил нэвтрүүлсэн БНТУ-ын туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэхээр тохиролцлоо.
- “Монгол Улсын Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Бүгд Найрамдах Турк Улсын Сакаръя Мейдан Мухаребеши үндэсний цэцэрлэгт хүрээлэн хооронд эгч дүү цэцэрлэгт хүрээлэнгийн харилцаа тогтоох тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Салдангийн Одонтуяа, Бүгд Найрамдах Турк Улсын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Мурат Курум нар гарын үсэг зурлаа.
Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, байгалийн нөөцийг хамгаалах, экологийн нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтийн урт хугацааны хамтарсан судалгаа, мониторинг хийх, эко аялал жуулчлал, экологийн боловсролыг дэмжих, байгалийн цогцолборт газруудын менежмент, үйл ажиллагааны хүрээнд туршлага хуваалцах, чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

- “Уул уурхайн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялагийн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Эрчим хүч, байгалийн нөөцийн яам хоорондын эрмэлзлийн бичиг”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Турк Улсын Эрчим хүч, байгалийн нөөцийн сайд Алпарслан Байрактар нар гарын үсэг зурлаа.
Талууд нүүрс олборлолт, цэвэр нүүрсний технологи, уурхайн аюулгүй ажиллагаа зэрэг чиглэлээр мэдлэг, технологи, туршлага солилцон, хамтарсан төсөл, салбарын чадавхыг бэхжүүлнэ.

- “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Тээвэр, дэд бүтцийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Турк Улсын Тээвэр, дэд бүтцийн сайд Абдулхадир Уралоглу нар гарын үсэг зурлаа.
Төмөр замын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, Европын орнуудаас БНТУ-аар дамжин Монгол Улс руу болон эсрэг чиглэлд төмөр замын ачаа тээврийн шинэ урсгал нээх боломжийг судална. Мөн Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт хэрэгжиж буй болон хэрэгжих бүтээн байгуулалтын төсөлд хамтрах, төмөр замын олон улсын коридоруудыг хөгжүүлэхэд туршлага, мэдээлэл солилцох боломж бүрдэнэ.
- “Өрсөлдөөний бодлогын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Монополын эсрэг газар болон Бүгд Найрамдах Турк Улсын өрсөлдөөний байгууллага хоорондын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаяр, Бүгд Найрамдах Турк Улсын Өрсөлдөөний байгууллагын ерөнхийлөгч Бирол Күле нар гарын үсэг зурлаа.
Өрсөлдөөний чиглэлээрх хууль тогтоомжийн хүрээнд туршлага, мэдээлэл солилцож, албан хаагчдыг чадавхжуулан, харилцан мэргэжилтэн солилцоно.

- “Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Туркийн радио, телевизийн корпорац хоорондын радио, телевизийн салбарын хамтын ажиллагааны тухай протокол”-д Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал Ганхуягийн Гэрэл, Туркийн радио, телевизийн корпорацын захирал Мехмед Захид Собажи нар гарын үсэг зурлаа.
Талууд харилцан нэвтрүүлэг, сайн туршлага солилцох, уран бүтээл хамтран туурвих, хоёр улсын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн улс орны түүхэн үйл явдлын баримт, архивыг сэргээж, олон нийтийн хүртээл болгоно.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Хэн юу хэлэв...2020/09/01
Ерөнхийлөгч Х.Баттулга 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан...
-
Дэлхий нийтээр..2024/08/08
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн мэд...
-
Хэн юу хэлэв...2020/07/24
Иргэн бүртээ хүрч ажиллахыг Н.Энхтайван сайд үүрэг болголоо
-
Дэлхий нийтээр..2021/01/08
“0 зогсолт” гэх тодорхой бус нэршил бүхий аливаа нэмэлт шийдвэр, зах...
