Үйл явдал
Галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийж байна
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зуух, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, зөвлөгөө, зөвлөмж өгөн, судалгаа гаргах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.
Өчигдөр нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Сонгинохайрхан дүүргийн Сайжруулсан түлшний хяналтын хэлтэс хамтран тус дүүргийн 3, 4, 26 дугаар хорооны айл өрхүүдэд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтын талаар Сонгинохайрхан дүүргийн Сайжруулсан түлшний хяналтын хэлтсийн 1 дүгээр хороо хариуцсан ахлах ажилтан Т.Гандуулга “Хяналт шалгалтын явцад зуухны бүрэн бүтэн байдал алдагдсан, ханан пийшинг өөрсдөө хөөлөхдөө бүрэн шавардаагүйгээс үүдэн завсар гарсан, хоёр өөр түвшний яндан залгаснаас гадна хавхалга суурилуулсан, угаарын хийн мэдрэгчийг ажиллуулаагүй эсвэл түүнийгээ алга болгосон тохиолдолд шинээр аваагүй зэрэг алдааг нийтлэг гаргаж байна” гэв.

Угтаа ямар ч төрлийн зуух, пийшин бүрэн бүтэн, зай завсаргүй байж, яндан хавхлагагүй байснаар угаарын хийн эрсдэлээс нэн тэргүүнд сэргийлж чадна. Нэмэлтээр Сайжруулсан түлшний хяналтын хэлтсээс гэр хорооллын өрхүүдэд 2-3 удаа дамжуулагчтай болон зайгаар ажилладаг хоёр төрлийн угаарын хийн мэдрэгчийг суурилуулж өгсөн байна. Дамжуулагчтай угаарын хийн мэдрэгчийг 24 цагийн турш цахилгаанд холбох шаардлагатай. Ингэснээр тус төвд мэдээлэл нь тогтмол ирснээр болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжтой болж буй. Харин зайгаар ажилладаг угаарын хийн мэдрэгчийн зайг тогтмол шалган, хэвийн ажиллагааг хангах хэрэгтэй. Мөн угаарын хийн мэдрэгчийг гэрийнхээ хамгийн өндөр түвшинд буюу таазнаас доошоо харсан байдалтайгаар байрлуулах нь зөв аж. Түүнчлэн ханан пийшинг улирал тутамд хөөлөх шаардлагатай бөгөөд өөрсдөө хөөлж чадахгүй тохиолдолд 7011-9410 утсанд дуудлага өгснөөр үнэгүй хөөлүүлэх боломжтой гэдгийг онцолж байлаа.

Уг хяналт шалгалтыг нэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 9000 гаруй ажилтан, албан хаагч 196 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж байгаа юм.



Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Дэлхий нийтээр..2025/05/05
ТББХ: Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв
-
Дэлхий нийтээр..2026/03/18
Хотын дарга Х.Нямбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчидтэй уулзла...
-
Үйл явдал2025/06/19
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Үйл явдал2022/08/17
Шахмал түлш борлуулагчдыг сонгон шалгаруулна
