Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
2025 оны нэгдүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр 15-20 хэм, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3 хэмийн дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээш хойшдоо цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 7-9 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 7-9 хэм хүйтэн байна.
2025 оны нэгдүгээр сарын 25-наас 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25, 26-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 16-18 метр, 28-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 28-33 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Үйл явдал2026/05/28
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
-
Үйл явдал2023/05/10
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2023/02/06
Нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо
-
Дэлхий нийтээр..2023/03/24
Гэр хорооллыг барилгажуулах төслийг 19 байршилд хэрэгжүүлж байна
