Үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр Прага хотноо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Прага хотын “Вацлав Хавел” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Ян Липавский, Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүх, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил, БНЧУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Ёслолын газрын захирал Томаш Перницкий болон Элчин сайдын яамны дипломат ажилтнууд угтлаа.

Төрийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд, Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Чех Улсад 10 жилийн дараа болж байгаа юм.
Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Талууд уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулж, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, спорт, хууль эрх зүй зэрэг чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Үйл явдал2025/11/06
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Дэлхий нийтээр..2021/02/20
Ерөнхий сайд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайдыг хүлээн ...
-
Үйл явдал2020/08/20
Эмээлтийн товчоогоор 9 тарвага нэвтрүүлэх гэсэн зөрчлийг илрүүлжээ
-
Дэлхий нийтээр..2025/03/28
Виз авсан иргэдийг хил дээрээс буцаахгүй байх асуудлыг хэлэлцжээ
