Үйл явдал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар 2025 оны 03 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр Варшав хотноо хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгчийг Варшав хотын “Фредерик Шопен” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон улсын бодлогын товчооны дарга Войцех Коларски нар угтаж авлаа.
Энэ удаагийн айлчлал Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 12 жилийн дараа хийж буй айлчлал юм.

Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч мөн Польшийн Парламент, Засгийн тэргүүн нартай уулзана.
Айлчлалаар уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, палеонтологи, археологи, хэвлэл мэдээлэл, соёл, кино урлаг зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Түүнчлэн Варшав хотноо Морин хуур найрал хөгжим тоглолтоо сонирхуулж, хоёр улсын Худалдааны танхим хамтран бизнес форум зохион байгуулна.
Манай улсаас 1999 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, польшийн талаас 2008 онд Ерөнхийлөгч Л.Качиньски, 2013 онд Ерөнхийлөгч Б.Коморовски, 2023 онд Ерөнхийлөгч А.Дуда айлчилсан юм.

Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Үйл явдал2020/08/12
Хотын туурийг хамгаалалтад авч, судалгаа, малтлагын ажлыг төрөөс дэмжих шаардлаг...
-
Дэлхий нийтээр..2021/01/25
Орон нутгийн 7500 гаруй иргэнийг нутаг буцаах ажлыг зохион байгуулж байна
-
Үйл явдал2023/08/11
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үйл явдал2022/11/23
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
