Үйл явдал
Улсын Их Хурлын 2025 оны Хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 15-ны өдөр нээх, чуулганы нээлтийн өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээхээр заасан. Энэ оны гуравдугаар сарын 15 бямба гарагт таарч байгаа тул Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы нээлт өнөөдөр буюу гуравдугаар сарын 17-ны даваа гарагт болно.
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хуульд заасны дагуу өмнөх ээлжит чуулганаар баталсан бөгөөд уг жагсаалтад батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай”, “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тусгаад байгаа юм. Харин Улсын Их Хуралд хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хуулийн болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх, эсэхийг тухай бүр шийдвэрлэж ажиллана.
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч тааллаараа, Ерөнхий сайд болон Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд урилгаар оролцоно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Үйл явдал
АНУ цэргээ татсаны дараа Сири улс цэргийн баазуудыг хяналтдаа авлаа
2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, АНУ Сири дэх цэргийн хүчнээ бүрэн татсаны дараа тус улсын нутаг дэвсгэрт байрлаж байсан бүх цэргийн баазууд Сирийн талын хяналтад шилжжээ.
Сирийн эрх баригчид мэдэгдэхдээ, өмнө нь АНУ-ын цэргүүд байрлаж байсан баазуудыг шат дараатайгаар хүлээн авч, одоогоор бүрэн хяналт тогтоосон гэж мэдээлсэн байна. Энэ үйл явц нь АНУ-ын цэргийн алба хаагчдыг үе шаттай гаргасны дараа хэрэгжсэн бөгөөд шууд мөргөлдөөн, зэвсэгт сөргөлдөөнгүйгээр явагдсан гэж эх сурвалжууд онцолжээ.
АНУ Сирид олон жилийн турш “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх хүрээнд цэргийн ажиллагаа явуулж, хойд болон зүүн бүсийн хэд хэдэн стратегийн баазыг ашиглаж байсан юм. Харин сүүлийн үед бүс нутгийн нөхцөл байдал, стратегийн өөрчлөлттэй холбоотойгоор цэргийн оролцоогоо бууруулж, улмаар бүрэн гаргах шийдвэр гаргасан байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, АНУ-ын цэргийн оролцоо ийнхүү дуусгавар болж, баазуудыг Сирийн талд шилжүүлсэн нь бүс нутгийн геополитикийн тэнцвэрт байдалд тодорхой нөлөө үзүүлж болзошгүй юм. Цаашид Сирийн дотоод аюулгүй байдал, олон улсын оролцооны шинэ шат эхлэхийг үгүйсгэхгүй гэж ажиглагчид дүгнэж байна.
Үйл явдал
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсаас гадаадын улсуудад суух Элчин сайд нарыг 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Монгол Улсаа гадаад улсад төлөөлөн суух 14 Элчин сайд оролцлоо.
Шинээр томилогдсон Элчин сайд нар өнгөрсөн гурван сарын хугацаанд бэлтгэлээ хангаж Засгийн газрын гишүүдтэй уулзалт хийж, орон нутагт томилолтоор ажиллаж, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзжээ.
Олон улсын харилцаа, дэлхийн дэг журам өөрчлөгдөж буй онцгой цаг хугацаанд томилогдож буй Элчин сайд нар уламжлалт арга барилаасаа орчин үеийн чиг хандлагад хөрвөн илүү прагматик, тоо, чанарын үзүүлэлтээ сайжруулж ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд Н.Учрал хэллээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гадаадын банк оруулж ирэх зэргийг тэргүүлэх чиглэлээ болгон либерал бодлого баримтлан ажиллаж байгааг онцлов.
Олон улсын харилцаа, геополитикийн нөхцөл байдал хурцдаж, мөргөлдөөн, сөргөлдөөний голомт олширч, улс гүрэн хоорондын талцал гүнзгийрч байгааг харгалзан гадаад бодлогын үйл ажиллагааны механизм, арга барилыг боловсронгуй болгоход анхаарахыг мөн захив. Чингэхдээ суугаа орон, бүс нутаг болон дэлхийн томоохон өөрчлөлт, эрсдэлийг урьдчилан харж, Монгол Улсын ашиг сонирхолд нийцсэн байр суурийг цаг алдалгүй тодорхойлж байх нь чухал гэлээ. Ялангуяа сансрын орон зай, хиймэл оюун, газрын ховор метал зэрэг салбарын хөгжлийг соргог ажиглаж, хамтын ажиллагааны тодорхой ахиц гаргахын төлөө идэвх зүтгэл гарган ажиллахыг үүрэг болгов.
Мөн Элчин сайд бүхний хамгийн том даалгавар болох, “хүчтэй монгол паспорт”-ыг бүтээх зорилгоо амжилттай хэрэгжүүлэхийг даалгав.

-
Үйл явдал2021/10/25
Улаанбаатарт дархлаажуулалтын цэгүүд 17:00 цаг хүртэл ажиллана
-
Дэлхий нийтээр..2023/06/19
Яармагийн гэр хорооллын 80 гудамжны шороон замыг хайргаар тэгшилнэ
-
Дэлхий нийтээр..2026/02/11
УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар ...
-
Дэлхий нийтээр..2021/03/19
Монголын Залуучуудын Холбооноос Н.Учралд захидал илгээлээ
