Дэлхий нийтээр..
Хамтарсан хуралдаанаас УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа
Улсын Их Хурлын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хороод 2025 оны гуравдугаар сарын 18-ны өдөр хамтран хуралдаж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир даргалан явуулав.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1-д тус тус заасны дагуу Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд танилцуулав.
Тэрбээр, УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 зорилгын хүрээнд 47 зорилт дэвшүүлж 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн 2021-2024 оны хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр хэрэгжилт дунджаар 67 хувьтай байна. Үүнээс нийт арга хэмжээний 10,7, буюу 26 арга хэмжээ бүрэн хэрэгжсэн, 51,9 хувь буюу 126 арга хэмжээ тодорхой үр дүнд хүрсэн,33,3 хувь буюу 81 арга хэмжээ эрчимжүүлэх шаардлагатай, 4,1 хувь буюу 10 арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байна гэлээ.
Шадар сайд Т.Доржханд, Бодлогын үндсэн 9 зорилгууд болох Үндэсний нэгдмэл үнэт зүйл 45 хувь, Хүний хөгжил 68,4 хувь, Амьдралын чанар ба дундаж давхарга 67,8 хувь, Эдийн засаг 77,4 хувь, Засаглал 61,2 хувь, Ногоон хөгжил 77,2 хувь, Амар тайван аюулгүй нийгэм 83,5 хувь, Бүс орон нутгийн хөгжил 50,3 хувь, Улаанбаатар ба дагуул хот зорилго 50,5 хувийн хэрэгжилттэй байгааг тодотгов. Хяналт шинжилгээ, үнэлгээний 94 шалгуур үзүүлэлтийн 26,6 хувь буюу 25 нь улсын хөгжлийг тодорхойлох ерөнхий үзүүлэлт байгаа бол 73,4 хувь 69 нь салбарын байгууллагын нутаг дэвсгэрийн хүрээний үйл ажиллагааны үр дүнтэй холбоотой үзүүлэлтүүд аж. Нийт 94 шалгуур үзүүлэлтээс 63 үзүүлэлтийн хүрсэн түвшнийг тодорхойлсон ба 31 шалгуур үзүүлэлтийн тайлагнах хугацаа болоогүй тул хүрсэн түвшнийг тодорхойлох боломжгүй байгааг Шадар сайд дурдсан.
Дээрх 63 шалгуур үзүүлэлтийн 29,8 хувь буюу 28 үзүүлэлт зорилтот түвшиндээ хүрсэн, 7,4 хувь буюу 7 үзүүлэлт 70 хувиас дээш зорилтот түвшнийг хангасан, 29,8 хувь буюу буюу 28 шалгуур үзүүлэлт зорилтот түвшнээ хангаагүй байна хэмээн мэдээлсэн.
УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгасан тус бүр нь 30 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй нийт 150 төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд хэрэгжилт дунджаар 61,7 хувьтай гарсан байна. 2021-2024 онд нийт 45 төсөл, арга хэмжээ бүрэн хэрэгжиж дууссан гэлээ. ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах шаардлагатай нийт 98 төслөөс 54 төслийг боловсруулж, 28 төслийн боловсруулах ажил нь эхэлсэн бол 16 төслийн ажил эхлээгүй байгаа аж. Санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэх шаардлагатай 18,6 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 88 төсөл, арга хэмжээнээс 41 төсөл, арга хэмжээний 3,4 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2021-2024 онд бүтэн болон хэсэгчилсэн байдлаар шийдвэрлэж, 2024 онд 33 төсөлд 5 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн байна.
УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндсэн 4 бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө албажиж батлагдаагүй тул хөтөлбөрт тусгасан 16 чиглэлийн 120 зорилтын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2024 оны сүүлийн хагас жилийн байдлаар дунджаар 34 хувьтай гарчээ.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр харуулбал:
- Бүсчилсэн хөгжлийн бодлого 25,2 хувь,
- Хүний хөгжлийн бодлого 36,4 хувь,
- Эдийн засгийн бодлого 34 хувь,
- Хүний эрхийг дэмжсэн засаглалын бодлого 40,6 хувийн хэрэгжилттэй байна гэж Шадар сайд танилцуулсан.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 620 дэд зорилтоос 3 буюу 0,5 нь үр дүн гарсан, 73 буюу 11,8 хувь нь тодорхой үр дүнд хүрсэн, 241 буюу 38,9 хувь нь эрчимжүүлэх шаардлагатай, 104 буюу 16,8 хувь нь хэрэгжилт хангалтгүй гэсэн дүгнэлт гарчээ.
Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд 8 тэргүүлэх чиглэлийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн 24 үр дүн, хөтөлбөрийн 53 үр дүн, 194 төсөл, арга хэмжээ, 250 шалгуур үзүүлэлт тусгажээ. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд төлөвлөгөөний биелэлт дунджаар 57,2 хувьтай байгаа аж. Төлөвлөгөөнд тусгасан нийт арга хэмжээний 19,1 хувь буюу 37 арга хэмжээ үр дүнтэй, 30,9 хувь буюу 60 арга хэмжээ тодорхой үр дүнд хүрсэн, 35,1 хувь буюу 68 арга хэмжээ эрчимжүүлэх шаардлагатай, 14,9 хувь буюу 29 арга хэмжээ үр дүнгүй хэрэгжсэн гэсэн дүгнэлт гарчээ.
Бодлогын тэргүүлэх чиглэл тус бүрийн хэрэгжилтийг төсөл арга хэмжээний хэрэгжилтийн дунджаар авч үзвэл Экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилт 36,5 хувь, Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилт 50,2 хувь, Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний хэрэгжилт 71,4 хувь, Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилт 45 хувь, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилт 78 хувь, Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилт 59,9 хувь, Засаглалын үзүүлэлтийг сайжруулах чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилт 81 хувь, Ногоон хөгжлийг дэмжих чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилт 86,3 хувьтай гарчээ.
Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням төрийн аудитын байгууллагаас “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг танилцуулсан.
Тэрбээр, Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл болон хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.1-д “Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” нь дараах шаардлагыг хангасан байхаар тусгасан боловч Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь хяналт-шинжилгээ, үнэлгээний 95 шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшинтэй батлагдсан ч үндсэн чиглэлд тусгасан 243 арга хэмжээтэй уялдаа багатай байна. Тодруулбал: 243 арга хэмжээнээс 108 нь шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшингүй байгаа нь хуулийн шаардлагыг бүрэн хангаагүйг харуулж байна хэмээсэн.
Мөн аудитын явцад цуглуулсан нотлох зүйл, аудитын дүнд үндэслэн гаргасан дүгнэлтээ танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуусан.
Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Хүний эрхийг дээдэлсэн бодлогын хэрэгжилт хамгийн өндөр буюу 40 хувь гэж гарсан нь олон улсын байгууллагаас гаргасан үзүүлэлттэй зөрж байгаагийн учрыг тодруулсан бол УИХ-ын гишүүн О.Батнайрамдал асуудлыг танилцуулж, тайлагнах Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд хуралдаанд ирээгүйд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тайланг үнэлэх аргачлал өөр өөр, үйл ажиллагааны биелэлт, үнэлгээ хоорондоо хол зөрүүтэй байна гээд, арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллага, Эдийн засаг, хөгжлийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, үндэсний аудитын байгууллагын үнэлгээнүүд өөр байгаагийн шалтгааныг тодруулж хариулт авсан.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл асуудлыг хуралдаанд танилцуулж, тайлбар, хариулт өгөх сайд нар байхгүй, УИХ-ын гишүүдэд өгч буй хариулт хангалтгүй гэж үзэж буй учир УИХ дахь АН-ын бүлэг 3 хоногийн завсарлага авах хүсэлтэй буйгаа мэдэгдэв. УИХ дахь АН-ын бүлгийн хүсэлтийг хуралдаан даргалагч хүлээн авч, энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2025/05/28
Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа
-
Үйл явдал2022/12/08
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
-
Дэлхий нийтээр..2020/05/01
Төрийн үйлчилгээний "Гэрэгэ киоск" шинэ технологийг орон нутагт нэвтрү...
-
Үйл явдал2021/02/25
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн
