Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхи, явган шуургатай, ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна.
2025 оны гуравдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүл багасна, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
2025 оны гуравдугаар сарын 28-нaaс дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 28-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар, 30-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29, 30-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 10-15 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 30-наас ихэнх нутгаар дулаарна.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Чөлөөт бүс2019/08/27
“Нэг сая инээд” стэнд ап шоуны ялагч өнөөдөр тодорно
-
Үйл явдал2021/03/15
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2021/11/18
Томоохон зах, худалдааны төвүүдэд дархлаажуулалтын цэгийг ажиллуулж эхэллээ
-
Үйл явдал2021/04/01
ЭМЯ-ны ээлжит мэдээлэл /2021.04.01/
