Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна.
2025 оны дөрөвдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 хэм, Их нууруудын хотгор, Эг-Үүр голын хөндий, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-8 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-8 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 4-6 хэм дулаан байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 02-ноос 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 2-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Салхи 2-нд Алтайн уулархаг нутгаар, 3-нд нутгийн зарим газраар, 4-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэмийн дулаанаас 4 хэмийн хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. Дөрөвдүгээр сарын 3-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Үйл явдал2026/05/13
Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа
-
Дэлхий нийтээр..2024/03/22
"Петро чайна дачин тамсаг" ХХК нь химийн хорт болон аюултай бодис ашиг...
-
Үйл явдал2024/12/23
Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд
-
Дэлхий нийтээр..2025/12/10
“Physical Asia” нэвтрүүлгийн оролцогчдыг улсын наадам үзэхийг урилаа
