Хэн юу хэлэв...
Ө.Болдсайхан: Буудай импортлох нь өнөөгийн нөхцөл байдалтай уялдсан шийдвэр гэж харж байна
Монголын тариаланчдын үндэсний холбооны гүйцэтгэх захирал, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор Ө.Болдсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт хэсэг тариаланч ОХУ-аас 160 000 тонн улаан буудай импортлох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шийдвэрийг эсэргүүцэн, жагсаал зохион байгуулсан. Мөн энэхүү буудайн импортод татвар төлөгчдийн 128 тэрбум төгрөг зарцуулах нь хэмээн шүүмжилсэн. Энэ тухайд та бүгд ямар байр суурьтай байна. Ер нь танай холбоо хэдэн гишүүнтэй, ямар үйл ажиллгаа эрхэлдэг вэ?
-Манай улс жилдээ 230 000 тонн гурил хэрэглэдэг бөгөөд үүнийг 300 000 орчим тонн улаан буудайгаар хийдэг. 2019 онд улсын хэмжээнд 247 000 тонн улаан буудайг гурилын үйлдвэрүүд худалдан авч гурил хийсэн нь нийт хэрэгцээнээс 20 орчим хувиар хүнсний буудай дутсан дүн. Үнэндээ бол тариаланчид маань хичээн зүтгэж, нийтдээ 400 000 гаруй тонн улаан буудай хураан авсан. Гэхдээ 2019 оны найм, есдүгээр сард буюу будааны болц гүйцэх, хураалтын үед хоёр сар орчим үргэлжилсэн бороо орж, цаг агаарын гэнэтийн үзэгдлүүдээс шалтгаалан ургацын зарим хэсгийн чанар бууран малын тэжээл, спирт үйлдвэрлэл, тахиа шувууны аж ахуйд зарцуулагдсан. Хэдийгээр хүнснээс бусад зориулалтуудаар хэрэглэгдсэн боловч тариаланч бидний л ургуулсан будаа учраас бүртгэлийн хувьд улаан буудайн ангилалдаа тооцогдоно. Түүнээс биш огт ургаагүй, хураагаагүй буудайг тариаланчид мэдээлсэн зүйл байхгүй. Харин усалгаагүй, нээлттэй тариалангийн хувьд цаг агаарын үзэгдлийн нөлөөг аль ч улс зохицуулж чадахгүй байгааг буудайн тариалангийн нөлөөтэй орнууд болох ОХУ, Австрали, Казакстан, Туркэд 2019 онд зарим ургацаа алдсанаас харж болно.
Монголын тариаланчдын үндэсний холбоог газар тариалан эрхлэгчдийн голлох холбоод хамтран байгуулаад хоёр жил болж буй бөгөөд энэ хугацаанд тариаланчдын талаар буруу мэдээллүүдээс болж олон нийтэд үүссэн сөрөг этгэгдлүүдийг зөвөөр ойлгуулах, тариаланчдаа үнийн бодлого, технологийн дэвшлээр дэмжих, тэдэнд бодлогын өмгөөлөл үзүүлэх зэрэг томоохон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ирлээ. Бид тариаланчдын саналыг нэгтгэн, төрийн бодлогод урьдчилан суулгах, аливааг зөвшилцлийн замаар шийдэх зарчмыг барин ажилласнаар энэ салбарт олон дэвшлийг эхлүүлсэн, хамтын удирдлагын зарчимтай холбоо болсон. Бид дээр дурдсан буудай импортын асуудлын шалтгаан, тоо баримтыг нухацтай судлаж үзлээ. Монгол улс нэг сард 21 000 тонн гурил иддэг байсан бол коронавирусээс шалтгаалсан хорио цээрийн улмаас олон зуун мянган хүүхэд, оюутан гэртээ гурван сарын турш байгаа нь үндсэн хүнс болох гурилын хэрэглээг огцом өсгөсөн байна. Бидний нийлүүлсэн 247 000 тонн буудай нь есөн сарын хэрэглээ байсан бол дээрх шалтгаанаар долоон сарын хэрэглээ болон буурсныг гурил үйлдвэрлэгчидтэй хийсэн олон удаагийн судалгаагаар тодорхой боллоо. Хэдхэн хоногийн өмнө 50 улсад илрээд байсан тахал өнөөдөр 100 гаруй улсад тархан өсч байгаа нь хүнсний хомсдлийг бий болгох, дэлхий нийтээр хөл хорио тогтоох магадлалтай.
Гурилын үйлдвэрүүд дөрөвдүгээр сар гэхэд түүхий эдгүй болох, одоо агуулахдаа гурилын нөөцгүй болсон мэдээлэл бодитой тул улаан буудай импортлох шаардлага тулгарсан байна. Хүнсний аюулгүй байдлын зөвлөл болон ХХААХҮЯ хамтран 60 000 тонн улаанбуудай импортлох квот олгох гэж байгааг манай холбоо судлан үзээд, тариаланчидтайгаа ярилцан, талуудтай ойлголцсон. Нэмж импортлох 100 000 тонн улаанбуудайн 10 000-ыг нь гар ариутгалын бодис, үлдсэнээр нь гурил хийхэд энэхүү өндөржүүлсэн байдлаас шалтгаалсан нэмүү хэрэглээтэй холбоотойгоор нийт импортын будаагаар таван сарын гурилын хэрэгцээг хангах буюу ирэх наймдугаар сарыг дуустал гурилаар хангах боломжтой тооцоог гурилын үйлдвэрүүд болон яамныхан гаргасан байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед гэртээ хорионд байгаа олон зуун мянган хүүхдээ, ахмадаа, иргэдээ өлсгөх вий гэсэн үүднээс тариаланчид маань судалгаанд үндэслэн ойлголцож, энэхүү импортын квотонд хүлээцтэй хандаж байгаа. Хэрэв ОХУ хилээ хаах нөхцөл үүсвэл улаан буудайн импорт тасалдаж, гурилын хангамж ноцтой болох, энэхүү тахлын үргэлжлэх хугацаа бүрхэг байгаа зэрэг олон хүчин зүйлүүдийг тооцон үзэхэд дэлхий нийтээрээ зөвхөн амьд үлдэхийн төлөө тэмцэж байхад хүн ардаа хүнсний хомсдолд оруулахгүй байх шийдвэрийг бүх талууд нухацтай судлан, алдаагүй шийдвэр гаргах хэрэгтэй.
Гэхдээ тариаланчдын нийтлэг болгоомжлол, бухимдал бол энэхүү өндөржүүлсэн байдлын импортын квотыг далимдуулан гурилын үйлдвэрүүд ихээр нөөц бүрдүүлэн татаж, намар дотоодоос хураан авах улаан буудайг зах зээлгүй болгох, үнэгүйдүүлэх байдал үүсгэхгүй байх асуудлууд тул үүн дээр онцгой анхаарахыг манай холбооноос салбарын яам болон Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд сануулж, гурилын үйлдвэрүүдэд уриалж, хяналт тавин ажиллаж байна. Хэвийн жил ийм хэмжээний квот яригдсан бол бид огт өөр асуудал тавьж, тооцоолол ч өөр байх байсан. Өнөөдөр улс орон өндөржүүлсэн бэлэн байдалд, хүүхдүүд хорионд, хүн ард маань өвчлөхгүй, үхэхгүй байхын төлөө тэмцэж байхад энэ асуудлаар гурилын үйлдвэрүүд ч, тариаланчид ч, төр засаг ч ашиг хонжоо харах, шоу хийх шаардлагагүй. Харин хамтран ажиллаж, зөвшилцөж, үнэн мэдээлэл, зөв тооцоо судалгаатай шийдвэрүүд гарган олон нийтийг хямруулахгүй байх хэрэгтэй. Импортын будааг улсын мөнгөөр оруулж ирэх асуудал байгаа, эсэхийг мөн судлаж мухарлалаа. Яамнаас стратегийн хүнс болох улаан буудайг зөвхөн импортлох эрх буюу квотыг өмнөх жилүүдийнхээ жишгээр өгснөөс биш төрөөс ямар ч мөнгө гарахгүй юм байна. Гурилын үйлдвэрүүд 100 хувь өөрсдийн хөрөнгөөр будаагаа татаж, харин төрөөс импортын татварыг чөлөөлснөөр иргэдээ хямд гурилаар хангах бодлоготой байгаа аж.
-Дотоодын улаан буудайн хэрэглээг бүрэн хангахуйц ургац авсан гэж өнгөрсөн жил эрх бүхий хүмүүс нь мэдээлсэн атал ахин импортолхоор болжээ. Намар нэг тонн улаан буудайг тариаланчдаас худалдан авсан өртгөөс өдгөө 200 000 төгрөгөөр илүү буюу 700 000-800 000-гаар түүхий эд авч, төсвийн хөрөнгө үрэх нь гэсэн яриа бий. Энэ талаар тодруулна уу?
-Дээр хэлсэнчлэн намар хураасан буудайн 20 хувь нь гурилын үйлдвэрийн чанарын шаардлага хангаагүй буюу болц нь гүйцээгүй юм. Тариалангийн бүсэд наймдугаар сарын 20-25-нд намрын эхний хяруу унадаг тул түүнээс урагш 85 хоног буюу зургадугаар сарын 1-нд тариа соёолсон байхаар тооцон үрээ суулган, хураан авах боломжтой. Хичнээн хичээн ажиллаад ч сүүлийн жилүүдэд хавартаа гантай, харин найм, есдүгээр сард тариа боловсрох цагаар бороо асгаад болц оройтуулаад байна. Мөн тавдугаар сард хөрсний хэм хангалттай дулаан байдаггүйгээс эрт үрлэж болдоггүй гэх мэт олон хүчин зүйлийн улмаас буудайн болц гүйцээгүйгээс стандартанд нийцэх хэмжээ буурсан юм. Энэхүү буудайн дутагдал бол ургацын чанараас хамаарсан 20 хувь, нэмээд өнөөгийн хорио цээрээс шалтгаалсан нэмүү хэрэглээнээс үүссэн 20 гаруй хувийн асуудал байгаа юм. Түүнчлэн улаан буудай импортлоход улсын төсвөөс хөрөнгө гардаггүй бөгөөд үйлдвэрүүд өөрсдийн мөнгөөр ОХУ-аас олгосон квотын дагуу түүхий эд худалдан авдаг. Энэ хүнд үед энэ талаар буруу мэдээлэл цацаж, ард нийтийнхээ ч, тариаланчдынхаа ч сэтгэл санааг хямруулахгүй байсан нь зүйтэй.
-150 000 тонн гэдэг бол манай улсын нэг жилийн ургацын бараг 40 гаруй хувь. Ийм хэмжээнийхийг импортлосноор намар гурилын үйлдвэрүүд тариаланчдын буудайг худалдан авахгүйд хүрэх магадлалтай гэх хүн бий. Таны бодлоор ийм нөхцөл байдал үүсэх үү?
-Энэ асуудал дээр л тариаланч бид хамгийн их санаа зовниж, яам болон засагтай ярилцаж байгаа ч өнөөдөр өндөржүүлсэн бэлэн байдлын хууль, журам үйлчилж байна. Гэхдээ гурилын үйлдвэрүүд өнөөдөр тариаланчдаас улаан буудай худалдан авъя гэж зарласан ч хэн ч нийлүүлэхгүй байна. Мөн тахианы аж ахуйнууд ч тэжээлийн будаагүй болсон байна. Шувууны тэжээл бол гурил хийдэгтэй адил сайн чанарын буудай байх ёстой. Тиймээс шинэ ургац гартал тахианы аж ахуйнуудад 20 000-30 000 тонн будаа хэрэгтэй тул тэд энэхүү импортын будаанаас олгох хүсэлт гаргах тухай яригдаж байна. Дээр нь коронавирусын өвчлөл даамжирвал төрөөс хүнсний нөөц үүсгэх бодлого бариж байгаа юм байна. ОХУ-аас импортолж буй буудайны ханш дотоодын нийлүүлэгчдийнхээс 150-200 мянган төгрөгөөр үнэтэй байгаа нь үнэн. Тиймээс ирэх намраас дотоодын буудайн үнэ ч бас одоо ОХУ-аас авч буй үнээр тогтоогдох боломж бүрдэх магадлалтай. Ер нь гурилын үнийг төрөөс олон жил барьж, иргэдийг хямд гурилаар хангахыг зорисон. Үүний улмаас буудайн үнэ өртгөө нөхөж чадахгүй, салбараараа доройтож байгаагаас тариаланчдын хөрөнгө оруулалт үнэгүйдэж, алдагдл хүлээдэг. Цаашдаа ийм байдлаараа явбал иргэдээ хямд гурилаар хангах төрийн бодлогод тариаланчдын хувийн хөрөнгө идэгдэж дуусах эрсдэлтэй.
-Та газар тарилангийн салбарт 20 гаруй жил ажиллан, Канад улсад хөрс судлалаар суралцаж, мөн агрономийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Манайх ер нь хөрсөө хэр судалсан бол. Нэг га талбайгаас авах ургацаа хэрхэн өсгөх вэ. Хэрэв арвин, чанартай ургац хураадаг бол үр, тариа импортлох тухай асуудал хөндөгдөхгүй байх, тийм үү?
Нэгжээс авах ургацыг нэмэгдүүлэх, хөрсний судалгааг төгөлдөржүүлэхэд шинжлэх ухааны байгууллагын оролцоо маш чухал байна. Дарханы Ургамал, газар тариалангийн хүрээлэн бол дэлхийд нэр хүндтэй, олон судлаачидтай, маш сайн ажиллаж байгаа байгууллага. Энэ хүрээлэнгийн олон бүтээл өнөөдөр тариалангийн салбарт нэвтэрч эхэлж байгаа ч бодлогын дэмжлэг нь яам хооронд цалгардаж байна. Газар тариаланг цаашид илүү хүчтэй болгоход шинжлэх ухаанаар хөтлөх үндсэн гарц байгаа юм. Тариаланд инновацийг шингээж, судалгаанд суурилсан технологийн нэвтрүүлэлт, шийдвэрүүдийг хийснээр бид нэгжийн ургацыг цаг агаарын эрсдлээс хамгаалан, тогтворжуулах хэрэгтэй байна. Одоогоор улсын дунджаар нэг га-гаас 13 центнер улаан буудай хураадаг бөгөөд энэхүү газрыг өнө мөнхөд ашиглах тул зохист хэмжээгээр бордон, тогтмол ургац авахыг чухалчилдаг юм. Нэмж хэлэхэд, манай тариаланчид хөрсөө маш их анхаарч, тордохыг хичээж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, урт хугаанд өгөөжтэй ашиглахыг зорьдог болсон. Далайн түвшнээс 1000 метрээс дээш өндөрлөгт бид газар тариаланг ийнхүү хөгжүүлж, улаан буудай, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ өдий зэрэгтэй хангаж буй нь сайшаалтай. Хэдий хүндрэл ихтэй ч газар тариалангаа дотооддоо эрхлэхээс өөр сонголт Монголд үгүй гэдэг нь онол, практик, нийгэм, эдийн засгийн бүхий л түвшиндээ нотлогдсон.
-Бид буудай, гурил экспортлогч улс болох боломжтой гэж ярьдаг. Урд хөршийнхөн манай гурилыг органик хэмээн нэлээд сонирхон, худалдан авах саналаа ирүүлдэг юм билээ. Манайд гурил үйлдвэрлэл болон улаан буудайн нийлүүлэлтийн харьцаа ямар байдаг бол?
-Манай холбооныхон 2018 онд бүх аймаг, сумд үйл ажиллагаа явуулдаг гурилын үйлдвэр, цехүүдэд судалгаа хийсэн. Одоогоор Монголд гурилын 10-12 үйлдвэр тогтмол үйл ажиллагаа явуулж буй бол 3-4 жижиг цехийг улирлын чанартай ажиллуулдаг юм байна. Дээрх 12 үйлдвэр 80 хувийн хүчин чадлаараа ажиллахад жилд 500 000 тонн орчим улаан буудай боловсруулах боломжтой. Гэхдээ борлуулалт болон боломжит байдлаа тооцон чадлынхаа 70 орчим хувийг ашигладаг юм билээ. Хэрэв хангалттай түүхий эдтэй байж, 95 хувийн хүчин чадлаараа ажиллавал урд хөрш рүү гурил экспортлох бүрэн боломжтой.
Эх сурвалж: Unuudur.mnХэн юу хэлэв...
Өглөөний нарыг унтаж алдаж, оройн харанхуйд тог цахилгаан худалдаж авсаар байх уу?
Зуны улиралд Улаанбаатарт нар өглөө 04:59 цагт мандаж, орой 20:40 цагт жаргаж байна. Өөрөөр хэлбэл байгалийн гэрэл өглөө эрт аль хэдийнэ хотыг гэрэлтүүлж эхэлдэг. Гэвч энэ үед олонх хүн унтаж байдаг. Харин орой 20:00 цагаас хойш айл өрх, үйлчилгээний байгууллага, хотын орчин даяараа гэрэл чийдэнгээ асааж эхэлдэг.
Эндээс маш энгийн атлаа бодлогын түвшинд ярих ёстой асуулт гарч ирнэ.
Бид өглөө 05:00-07:00 цагийн хооронд үнэгүй тусаж буй нарны гэрлийг бодитоор ашиглаж чадаж байна уу? Эсвэл оройн 20:00-22:00 цагийн харанхуйг улс даяараа цахилгаанаар нөхөж, байгалийн үнэгүй эрчим хүчийг унтаж өнгөрөөж байна уу?

Эрчим хүчний хэмнэлтийн тухай ярихдаа бид ихэвчлэн цахилгаан станц, импорт, оргил ачаалал, дамжуулах сүлжээ зэрэг том ойлголтыг ярьдаг. Гэвч бодит амьдрал дээр хамгийн өргөн хэрэглээ айл өрх бүрт, байгууллага бүрт, өрөө тасалгаа бүрт зэрэг үүсдэг жижиг жижиг асаалтаас бүрддэг.
Гал тогооны гэрэл, зочны өрөөний гэрэл, хүүхдийн өрөө, ариун цэврийн өрөө, орц, лифт, дэлгүүрийн хаяг, үйлчилгээний газрын гадна дотор гэрэлтүүлэг, гудамж талбайн гэрэл гээд анзаарагдахгүй хэрэглээ нийлээд маш том ачаалал болдог.
Хэрэв нар 20:00 цагийн орчимд жаргаж, хүмүүс шөнө дунд хүртэл сэрүүн байвал айл өрхүүд ойролцоогоор дөрвөн цагийн турш гэрэл асааж хэрэглэнэ. Харин цагийн зохицуулалт хийж, оройн нарны гэрлийг 22:00 цагийн орчим хүртэл ашиглах боломжтой болбол энэ хугацаа хоёр цаг болж багасна. Энэ нь зөвхөн нэг айлын нэг чийдэнгийн тухай асуудал биш. Хот даяар, айл өрх бүрт, байгууллага үйлчилгээ бүрт зэрэг үүсдэг хэрэглээний тухай асуудал юм.
Өөрөөр хэлбэл өглөөний нар унтаж өнгөрөх гэрэл болж, оройн харанхуй цахилгаанаар худалдаж авдаг цаг болж байна. Энэ бол эрчим хүчний бодлогын хувьд зайлшгүй тооцож үзэх ёстой өнцөг.
Гэхдээ энэ асуудал зөвхөн цахилгааны хэмнэлтээр хязгаарлагдахгүй. Оройн нар гэдэг бол гэр бүлийн цаг юм.
Харанхуй эрт болохоор айлын амьдрал өрөө өрөөндөө салдаг. Хүүхэд нэг өрөөнд, эцэг эх өөр өрөөнд, нэг нь утсаа оролдож, нөгөө нь зурагт үзэж, гэр бүлийн хамтын цаг багасдаг. Харин 22:00 цаг хүртэл гэгээтэй байвал гэр бүл хамт алхах, хүүхэдтэйгээ тоглох, ахмад настнаа салхилуулах, хөршүүд уулзах, иргэд гадаа идэвхтэй байх боломж нэмэгдэнэ.
Оройн гэрэл бол зөвхөн нарны тусгал биш. Энэ бол гэр бүлийн харилцаа, хүүхдийн хөдөлгөөн, иргэдийн аюулгүй байдал, хотын амьдралын чанар, сэтгэл санааны тав тухтай шууд холбоотой нийгмийн үнэт цаг юм.
Мөн энэ зохицуулалт бизнесийн байгууллагуудад ч бодит үр ашигтай. Дэлгүүр, кафе, ресторан, үйлчилгээний газруудын хамгийн идэвхтэй цаг ихэвчлэн орой байдаг. Хүмүүс ажлаа тараад худалдан авалт хийх, хооллох, гэр бүлээрээ гадуур гарах, алхах, үйлчилгээ авах нь нэмэгддэг.
Гэтэл харанхуй эрт болохоор үйлчилгээний байгууллагууд гадна хаяг, заал, үүд, шат, агуулах, хамгаалалтын гэрэлтүүлэг, гаднах талбайн гэрлээ зэрэг асаана. Энэ нь тухайн байгууллагын тог ашиглалт, гэрэлтүүлгийн зардлыг нэмэгдүүлдэг. Харин оройн гэгээ урт байвал гэрэлтүүлгийн хэрэглээ тодорхой хэмжээгээр багасч, үйлчлүүлэгчийн урсгал хадгалагдах хугацаа уртасна.
Өөрөөр хэлбэл оройн нар бол айл өрхийн хэмнэлт төдийгүй жижиг дунд бизнес, үйлчилгээний байгууллагын ашигт ажиллагааг дэмжих байгалийн үнэгүй нөөц юм. Хүмүүс харанхуй болохоор гэр рүүгээ яарах нь нэмэгддэг бол гэгээтэй орой үйлчилгээ авах, дэлгүүр хэсэх, хүүхэдтэйгээ гадуур алхах, гэр бүлээрээ цаг өнгөрүүлэх боломж илүү уртасдаг.
Ингээд харахад цагийн зохицуулалт гэдэг нь зүгээр нэг цагийн зүү урагшлуулах тухай асуудал биш юм. Энэ бол өглөө ашиглагдахгүй өнгөрч буй нарны гэрлийг оройн хамгийн идэвхтэй, хамгийн хэрэгтэй цагт шилжүүлэн ашиглах тухай асуудал юм.
Үүний үр дүн нь олон талтай байж болно. Айл өрхийн гэрэлтүүлгийн хэрэглээ буурна. Хотын оройн цахилгааны ачаалал багасна. Бизнесийн байгууллагуудын гэрэлд зарцуулах зардал тодорхой хэмжээгээр хэмнэгдэнэ. Үйлчилгээний байгууллагуудын ажиллах, ашиг олох боломжтой идэвхтэй цаг уртасна. Гэр бүл хамт байх, хүүхэд гадаа тоглох, иргэд алхах, хот амьдрах цаг нэмэгдэнэ.
Мэдээж цагийн хөдөлгөөн хийх эсэх асуудалд шууд шийдвэр гаргахын өмнө бодит тооцоо хэрэгтэй. 05:00-07:00 цагийн хооронд ашиглагдахгүй өнгөрч буй байгалийн гэрэл, 20:00-22:00 цагийн хооронд үүсэж буй цахилгаан хэрэглээ, айл өрхийн гэрэлтүүлэг, бизнесийн байгууллагуудын зардал, хотын гэрэлтүүлэг, оргил ачаалалд үзүүлэх нөлөөг нарийвчлан судлах шаардлагатай.
Гэхдээ нэг зүйл тодорхой. Эрчим хүчний хэмнэлт ярьдаг улс байгалийн үнэгүй гэрлийг хэрхэн зөв ашиглаж байгаагаа заавал эргэн харах ёстой.
Нар өглөө эрт мандаж, хүмүүс унтаж байх хооронд гэрэл дэмий урсаж, харин оройн идэвхтэй цагт айл өрх, бизнесийн байгууллага, хот даяараа цахилгаан гэрэл рүү шилжиж байгаа бол энэ нь бодлогын түвшинд ярих асуудал мөн.
Бид өглөөний нарыг унтаж алдаад, оройн харанхуйг цахилгаанаар худалдаж авсаар байх уу? Эсвэл байгалийн гэрлийг хүний амьдралын хамгийн хэрэгтэй цагтай нь уялдуулж ашиглах уу?
Энэ бол зөвхөн цагийн зүүний тухай маргаан биш. Энэ бол эрчим хүч, гэр бүл, бизнес, хотын амьдралын чанарын тухай асуудал юм.
Хэн юу хэлэв...
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 22-нд зохион байгуулна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшүүлэн томилогдож ажиллаж байсан С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ажилласан юм.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тэрбээр, сонгон шалгаруулалтын зарыг Parliament.mn болон олон нийтийн цахим хуудсаар нийтэлсний дагуу 19 төрийн бус байгууллагаас нэр дэвшигчийн материалыг ирүүлсэн талаар мэдээлэв.
Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчдийн материалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас шаардлагатай лавлагаа, мэдээллийг авчээ.
Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж, “Ажлын хэсгийн ажиллах түр журам”-ыг батлан мөрдсөн бөгөөд нэр дэвшигчдийн мэргэжил, нэр дэвшүүлсэн төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг харгалзан үзсэн байна.
Сонгон шалгаруулалтын дүнд нийт 19 нэр дэвшигчээс 10 нэр дэвшигчийг Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон холбогдох хууль, журмын шаардлагыг хангаагүй үндэслэлээр хасаж, үлдсэн 9 нэр дэвшигчийг шаардлага хангасан гэж дүгнэжээ.
Хуралдаанаар мөн нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Э.Адъяасүрэн, Ж.Билэгсайхан, Д.Наранцэцэг, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, Б.Энэрэлт, Л.Энхжин, Г.Энхбаяр, М.Төрманлай, Д.Гүн-Үйлс, Ч.Батцэнгэл нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.
Мөн нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхарыг сонгох тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцэслэн баталсан байна.
Хэн юу хэлэв...
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Дэлхий нийтээр..2021/01/25
Найман байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоолоо
-
Тод зураг2022/06/16
Гоодаль цэцгээр бүсгүй хүний гоо сайхныг бэлгэддэг
-
Дэлхий нийтээр..2021/01/04
Алтанбулаг боомтод чирэгч сольж тээвэрлэх туршилтын цуваа Улаанбаатарт ирлээ
-
Үйл явдал2024/08/08
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
