Хэн юу хэлэв...
Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй лагийн хэмжээ хэрээс хэтэрсэн
НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын бүлгийн дарга Т.Батцогт, Төлөөлөгч Б.Золзаяа, Э.Хулан, Э.Одонтуяа нар УСУГ-т ажиллалаа. Өдгөө 66 жилийн, 1900 гаруй ажилчинтай тус байгууллагын жаргал, зовлон нийслэлчүүдэд шууд хамаатай.
Ундны ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ, Улаанбаатар хотын цэвэр, бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээ, усны ухаалаг хэрэглээ, цэвэрлэх байгууламжийн хэвийн, найдвартай ажиллагаа, Улаанбаатар хотын ус хангамжийн сүлжээг хянах, удирдах зэрэг асуудлыг хариуцан шийдвэрлэдэг УСУГ-ын үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, ирээдүйн зорилтыг онцлон Ц.Төрхүү дарга мэдээлэл өгч, танилцууллаа.
Тэрбээр, “Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдал, ахуйн болон аюултай хог хаягдлаас болж лагийн хэмжээ хэрээс хэтэрсэн. Энэ бол аюул. Манай тулгамдсан асуудал. Яагаад бэрхшээл вэ гэхээр, Улаанбаатарын хэмжээнд долоон цэвэрлэх байгууламж үйл ажиллагаа явуулж байна. Бид ганц Төв цэвэрлэх байгууламжийг л чухалчлаад яриад байдаг. Гэтэл эдгээр долоон байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллаад хоногтоо хамгийн ихдээ 200-аад мянган метр куб ус хүлээн авах чадалтай. Гэтэл өнөөдөр энэ ачаалал 3-4 дахин нэмэгдчихсэн. Тэр хэрээр лагийн хэмжээ ихсэж байна. Хоёрдугаарт, усны үнэ тариф, татаасын асуудлыг ярихгүй бол шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо ч бид зардлаа даахгүй. Тиймээс ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ, бусад асуудалд анхаарахгүйгээр нийслэлчүүдийн ус хангамж найдвартай боллоо гэж санаа амрах нөхцөл үүсэхгүй” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Цэнхэр алт болох ус шавхагддаг баялаг. Бодлогын хувьд шийвэрлэх, хамтран ажиллах, зайлшгүй олон нийтэд тулгамдсан асуудлаа танилцуулж ойлгуулах шаардлага байна. Тиймээс энэ ажлыг НИТХ-ын нийт Төлөөлөгчдөд танилцуулахаас гадна “Эх оронч сурагч” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн сурагчдад усны үнэ цэн, ухаалаг хэрэглээг таниулах ажлыг хамтарч эхлүүлье” гэлээ.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Дэлхий нийтээр..2024/08/20
Барилгын талбайн хөрсний усаа Үндэсний цэцэрлэг хүрээлэн рүү шланкаар шахан зөрч...
-
Дэлхий нийтээр..2021/08/20
Зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийнэ
-
Үйл явдал2020/09/29
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Үйл явдал2023/06/28
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
