Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Огноо:

,

УИХ-ын чуулганы 2025 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.

Байнгын хорооноос тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тиймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 64 гишүүн дэмжиж, хуулийн төсөл батлагдав.


Түүний дараа Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хорооноос тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцэслэн батлах санал хураалтыг явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслийг баталлаа.  


Монгол Улсын Их хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг хэлэлцсэн юм. Хууль зүйн байнгын хорооны тус саналыг хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд уншиж, танилцуулаа. Тэрбээр, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналыг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлснийг Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 04 дүгээр сарын 09, 15, 16-ны өдрүүдийн хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд гаргах саналын талаар танилцуулсан болно.



 Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг хэлэлцэж байгаа нь шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших анхны тохиолдол учир энэхүү асуудалд ул суурьтай хандаж, байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх дэгийг анхаарах шаардлагатай талаар, мөн уг асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулж гишүүний гаргасан саналтай ойролцоо төрлийн эрх зүйн маргаан байгаа эсэхийг татан үзэж, улс төр, эрх зүйн үр дагаврыг судлах шаардлагатай талаар, түүнчлэн УИХ-ын гишүүний гаргасан саналын зарим үндэслэлтэй санал нийлэхгүй байгаа тохиолдолд засаж, сайжруулах боломжийн талаар, УИХ-ын гишүүн П.Сайнзориг уг асуудлын талаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах бус, УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан өргөн мэдүүлэх боломжтой талаар, УИХ-ын  гишүүн Г.Уянгахишиг аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал Үндсэн хуулийн цэцээс хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэх боломжтой эсэх, УИХ-аас томилогддог албан тушаалтнууд УИХ-ын шийдвэртэй холбогдуулан шүүхэд гомдол гаргах эрхтэй эсэх талаар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлсэн болно.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын үндэслэлдээ Байнгын хорооны гишүүдийн саналыг нэмж тусган, саналаа 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын даргад дахин өргөн мэдүүлснийг Хууль зүйн байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.  Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах Улсын Их Хурлын гишүүний саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80.0 хувь нь дэмжсэн болно гэв.  


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, саналаа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Д.Мөнхбаатар нар Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших 33 жилийн түүхэнд УИХ-аас анх удаа Үндсэн хуулийн цэцэд хандан, тодорхой хууль зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт гаргаж буй нь зөв жишиг хэмээн үзэж байна. Үндсэн хуулийн цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж  асуудлыг шийдэх онцгой заалттай юм гээд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин саналаа үндэслэл сайтай гаргасан хэмээн дэмжиж буйгаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд гаргасан саналынхаа талаар тайлбар өгөв. Тэрбээр, Үндсэн хуулиар УИХ-ын шийдвэр, хууль зөрчсөн эсэх асуудал зөвхөн Үндсэн хуулийн цэцэд хянагддаг. Гэтэл УИХ-ыг ердийн шүүх дуудаж, УИХ-ын тэмдэглэл, хуралдаанаар шийдсэн асуудлыг нотлох баримтын хэмжээнд гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилохыг шаардаж байна. Үндсэн хуульд УИХ төрийн эрх дээд байгууллага, хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана гэсэн заалтын хил хязгаарыг ердийн шүүх давж алхаж хэрхэвч болохгүй. Энэхүү гажгийг таслан зогсоох арга бол Үндсэн хуулийн цэцэд санал гаргаж шийдвэрлэх боломжтой хэмээн үзсэн гэв.


УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, А.Ариунзаяа мөн энэ асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлээд УИХ  Үндсэн хуулийн цэцэд санал гаргах бус хуулиа санаачлаад засаж залруулаад явж болох эсэх, тухайн гомдол гаргагч хүнд хариуцлага тооцож уу эсвэл өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн эсэхийг асууж тодрууллаа. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ хуулиа санаачлаад өөрчилсөн ч Цэцийн гаргасан магадлал өөрчлөгдөхгүй юм. Цэц магадлалаа эргэн харахын тулд УИХ-аас ямар нэгэн хүсэлт авах ёстой. Тиймээс дээрх  саналыг Үндсэн хуулийн цэцэд гаргаж байна. Энэ асуудлаар шат шатны шүүхийн байгууллага, улмаар Үндсэн хуулийн цэцэд хүртэл удаа дараа гомдол гаргаж буй хүн бол Үндэсний аудитын газрын даргаар ажиллаж байсан Д.Хүрэлбаатар юм. Тэрбээр УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр ажлаас чөлөөлөгдөх  хүсэлтээ өгөх, хариуцлага хүлээх хоёр асуудал нь давхцаад ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэхдээ өнөөдөр дахин ажилдаа томилогдох ёстой гээд ийнхүү гомдол гаргаж буй зэрэг нь ёс зүйгүй асуудал гэв.  










Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурлаас 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдөр баталсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн  байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй талаарх Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах Улсын Их Хурлын гишүүний саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхийн дэмжлэг авсан энэхүү асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд гаргах хүсэлтийг албан бичгээр хүргүүлэхээр тогтсон.
Баталсан хууль тогтоолын эцсийн найруулгыг байнгын хороод бэлтгэж, УИХ-д танилцуулахад бэлэн болсон учир зарим хуулийн эцсийн найруулгыг сонсоод өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав

Огноо:

,

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.

Энэ талаар  НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.

Тус байгууллагын  мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.

Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв

Огноо:

,

Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.

Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.

Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.

Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.

Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ

Огноо:

,

Газын зурваст ажиллаж байсан Al Jazeera телевизийн сэтгүүлч Вишах Израилын цохилтын үеэр амь үрэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Мэдээллээр, сэтгүүлч Вишах Газын зурваст болж буй үйл явдлыг сурвалжилж байх үед цохилтод өртсөн бөгөөд хамт ажиллаж байсан хэвлэл мэдээллийн ажилтнууд түүнийг эмгэнэн хүндэтгэл үзүүлжээ.

Газын сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд:

  • Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахыг
  • Сурвалжлагчдыг онилохгүй байхыг
  • Олон улсын байгууллагууд анхаарал хандуулахыг уриалсан байна.

Al Jazeera телевизийн зүгээс сэтгүүлчийн амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийлж, мөргөлдөөний бүсэд ажиллаж буй сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудал улам ноцтой болж байгааг онцолжээ.

Сүүлийн саруудад Газын зурваст хэд хэдэн сэтгүүлч амь үрэгдсэн талаар олон улсын байгууллагууд анхааруулж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн ажилтнууд мөргөлдөөний бүсэд хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буйг тэмдэглэж байна.

Ойрхи Дорнодын нөхцөл байдал хурц хэвээр байгаа бөгөөд Газын зурваст агаарын цохилт, хуурай замын ажиллагаа үргэлжилсээр байна.

 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал12 цаг 37 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Хэн юу хэлэв...14 цаг 41 минут

БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагаа...

Дэлхий нийтээр..16 цаг 26 минут

НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруула...

Үйл явдал17 цаг 2 минут

АНУ цэргээ татсаны дараа Сири улс цэргийн баазуудыг хяналтдаа авлаа

Үйл явдал17 цаг 33 минут

Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг ...

Үйл явдал17 цаг 48 минут

AI-ийн өгсөн мэдээлэл бодит байдалтай зөрөх тохиолдол их байна

Хэн юу хэлэв...2026/04/16

Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв

Үйл явдал2026/04/16

Томоохон байгууллагууд руу чиглэсэн кибер халдлагын оролдлого нэмэгд...

Дэлхий нийтээр..2026/04/16

Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн...

Үйл явдал2026/04/13

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ажлын 4 өдрийн горимд шилжл...

Үйл явдал2026/04/13

“Оюу толгой” ХХК 9.9 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн барьцааг...

Хэн юу хэлэв...2026/04/13

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

Үйл явдал2026/04/13

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

Дэлхий нийтээр..2026/04/10

“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ

Үйл явдал2026/04/10

“Ногоон автобус”-ны хэрэг Улсын дээд шүүхийн шатанд үргэлжилж ба...

Хэн юу хэлэв...2026/04/10

Аббас Арагчи: Хурцадмал байдлыг намжаахад олон улсын хамтын ажиллага...

Дэлхий нийтээр..2026/04/10

НҮБ-ын төлөөлөгч Тегеранд очиж хохирлын нөхцөл байдалтай танилцлаа

Үйл явдал2026/04/06

Швейцарт хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын хоёр ховор бичвэри...

Хэн юу хэлэв...2026/04/06

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлэ...

Үйл явдал2026/04/03

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуул...

Үйл явдал2026/04/03

Судалгаа: Америкчуудын дийлэнх нь Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэ...

Дэлхий нийтээр..2026/04/03

Путин, Саудын Арабын хунтайж нар Ойрхи Дорнодод гал зогсоохыг уриала...

Үйл явдал2026/04/03

Казахстан Astana Hub-д 2026 онд улсын төсвөөс санхүүжилт олгоно

Үйл явдал2026/04/03

Ж.Золзаяа “THE BEST WOMEN OF THE YEAR” шагнал хүртлээ

Дэлхий нийтээр..2026/04/03

ОХУ бензиний экспортын хоригийг өргөтгөсөн нь Монголд нөлөөлж болзош...

Үйл явдал2026/04/03

Тегеранд 100 гаруй жилийн түүхтэй халдварт өвчин судлалын төв цохилт...

Хэн юу хэлэв...2026/04/03

Элон Маск сансрын бага тойрог замыг сая сая хиймэл дагуулаар дүүргэн...

Хэн юу хэлэв...2026/04/03

Трамп эмийн бүтээгдэхүүнд 100 хувийн татвар ногдуулах санал танилцуу...

Хэн юу хэлэв...2026/04/02

Турк улс Персийн булангийн орнуудыг Ираны эсрэг мөргөлдөөнд оролцохг...

Хэн юу хэлэв...2026/04/02

Шинэ геополитикийн тэнцвэр: Иран, Орос, Хятад ойртож байна

Санал болгох