Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Дөрөвдүгээр сарын 29-нд нутгийн зүүн хэсгээр салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 20-24 хэм, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны ар, өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж 8-10 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж 9-11 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж 6-8 хэм дулаан байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 30-наас
2025 оны тавдугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-р сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 30-нд Алтайн уулархаг нутаг, тал, хээрийн нутгаар, 5-р сарын 01-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Үйл явдал2026/08/12
Шатахууны нөөцийг жигд, хүртээмжтэй түгээх үүрэг өглөө
-
Дэлхий нийтээр..2021/03/16
What3words аппликейшн ашиглан иргэний амь насыг аварчээ
-
Дэлхий нийтээр..2022/10/13
Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсов
-
Тод зураг2019/12/10
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
