Дэлхий нийтээр..
УИХ-ын гишүүд Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулжээ
Хэвлэлийн бага хурлын эхэнд Монгол Улсынхаа нийт хүүхдүүд багачуудад ирэх ням гарагт тохиох хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн мэндийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн дэвшүүлэв. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухайн конвенцын “...тэгш оролцоотой хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг...” гэдэг зарчмыг удирдлага болгон Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд хамтран Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан байна.
Хүүхдийн хөгжлийн асуудлыг зөвхөн ерөнхий боловсролын сургуулиудад даатгах биш, хүүхдийг хувь хүн болгох чиглэлээр олон талыг нь дэмжин хөгжүүлэх төрөл бүрийн хөтөлбөрүүдийг хичээлээс гадуур хэрэгжүүлэх, мөн хүүхдийн урлаг, спортын авьяас, ур чадварыг нээх, хөгжүүлэх үйл ажиллагаагаа дэмжих зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэлээ. Хүүхдийн хөгжлийг дэмжихэд бүх нийтийн оролцоо хамгийн чухал гэдгийг М.Бадамсүрэн гишүүн онцлоод “Төсөл батлагдсанаар хүүхдийн хөгжлийн асуудлаар эцэг, эх, асран хамгаалагчид төрийн байгууллага, орон нутгийн байгууллагатайгаа хамтран ажиллах шаардлагатай болно. Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулиудын зэрэгцээ хүүхдийн хөгжлийн асуудлыг бүх түвшиндээ чухалчлан анхаарч, бие даасан хуультай болгох нь зүйтэй хэмээн үзсэн” гэлээ. М.Бадамсүрэн гишүүн Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байх үеийнхээ туршлага, тус аймагт гурав дахь жилдээ амжилттай хэрэгжсэн төслийн үр дүнд үндэслэн, сайн туршлагыг улс орон даяар хэрэгжүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулснаа мэдээлэв.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хүүхдийн асуудал Монгол Улсад тэргүүн эгнээнд эрэмбэлэгддэг болохыг мэдээллийнхээ эхэнд дурдсан. Монгол Улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэн бол 1996 онд Хүүхдийн эрхийн эрхийг хамгаалах тухай хуулийг баталсан, 2016 онд шинэчлэн баталсан, Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2024 онд баталсан нь парламент хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлж, сайжруулж, цаг үе, нөхцөл байдалтай уялдуулан өөрчилж, шинэчилж байдгийн илрэл хэмээв. Үргэлжлүүлэн тэрбээр "Хүүхдийн эрхийг хамгаалахын зэрэгцээ хөгжил, оролцоог нь дэмжих нь чухал. Тиймээс энэ асуудлыг төрийн бодлого болгон тодорхойлж, нийтээр хэрэгжүүлэхийн тулд бие даасан хууль батлах нь зүйтэй гэж бид үзсэн. Дорнод аймгийн сайн туршлага, онол, практикийн судалгаанд үндэслэн, хүн амын 40 орчим хувийг эзэлж буй 18 хүртэлх насны хүүхдүүдийнхээ хөгжлийг дэмжих асуудлыг улс орон даяараа анхаарах нь ёстой” гэв. Аливаа хуулийг батлах нь нэг хэрэг, амьдрал дээр хэрэгжүүлэх, хөрсөн дээр буулгах нь хамгийн чухал хэмээн Ц.Идэрбат гишүүн хэлээд, энэхүү хуулийн төслийг амьдралд нийцтэй, хэрэгжих бүрэн боломжтой байхыг тооцож тун нухацтай боловсруулсан талаараа мэдээлэл өгөв. Хүүхдүүд сурах эрхийнхээ хамт хөгжих бололцоог нь дэмжихийг насанд хүрэгчдээс, нийгмээс хүсдэг хэмээгээд энэ хэрэгцээ, шаардлагыг нь хангах зохицуулалтыг хууль эрх зүйн хүрээнд нээж өгснөөр улсын болон орон нутгийн төсөв, хөрөнгийг хүүхдийн хөгжлийг дэмжихэд хуваарилах боломж бүрдэх ач холбогдолтойг тодотгосон юм.
Хүүхэд бол улс орны ирээдүй, үнэт зүйл, баялаг гэдгийг тооцож тэднийгээ зөв зохистой мэдлэг, мэдээллээр хангаж, хөгжүүлэх, улмаар нийгэмтэйгээ харилцах төрөл бүрийн чадварыг сургах нь чухал гэдгийг Д.Ганмаа гишүүн хэлсэн. Хүүхдүүдэд зөв мэдээлэл хүргэж, зөв дадалтай болгон хүмүүжүүлснээр гэр бүлд нөлөөлөх, улмаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд эерэг үр нөлөө бий болгох боломжтойг жишээ дурдан тайлбарласан. Хэвлэлийн бага хурлын үеэрх мэдээллийнхээ төгсгөлд тэрбээр “Бидний санаачилсан хуулийн төсөл батлагдаж, хэрэгжсэн тохиолдолд монгол хүүхэд бүр хөгжих тэгш боломжоор хангагдаж, өндөр хөгжилтэй улс орнуудын хүүхэд багачуудтай адил зөв мэдлэг, мэдээллийг авах боломжтой болно. Хүүхдийн хөгжилд бүх нийтээрээ дэмжлэг үзүүлснээр нийгэмд олон эерэг үр нөлөө бий болдог. Засгийн газраас 2026 оныг “Боловсролын жил” болгон зарласан, тэгвэл Улсын Их Хурлын гишүүдийн санаачлан боловсруулсан Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг парламент баталвал цаг үеэ олсон төрийн оновчтой шийдвэр болох юм” гэлээ.
Аливаа нийгмийн цөм нь хүүхдийн хөгжил, боловсрол байдгийг Г.Лувсанжамц гишүүн тэмдэглэв. Нийслэл, орон нутгийн захиргаа, нийгмийн бүх түвшиндээ хүүхдийн эрхийг хамгаалахаас гадна хөгжлийг нь дэмжих ёстойг онцлоод “Цаашдаа төсөв, улсын хөгжлийн төлөвлөгөөгөө зам гүүр барихад бус хүүхэд хамгаалал, хөгжлийг дэмжих чиглэлд төлөвлөж байх нь зохистой. Төрийн бодлогын төвд хүн байх ёстой. Энэ зарчмын байр суурийнхаа дагуу хуулийн төслийг хамтран боловсрууллаа. Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр хүүхдүүдээ чихэр, жимсээр дайлаад өнгөрүүлэх биш, эрхийг нь хамгаалж чадаж байгаа юу, хөгжүүлэхэд нь гар бие оролцож чадаж байна уу гэдгээ бодож, дүгнэдэг байх нь зүйтэй. Монгол Улс бол хүүхэд, залуучуудын улс. Хүнээ, хүүхдээ хөгжүүлж байж бидэнд улсын хөгжлийг ярих боломж бүрдэнэ гэдгийг ойлгож, гэр бүл төдийгүй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, нийтээрээ хүүхдийг хамгаалах, хөгжлийг нь дэмжих үүрэгтэй гэдгээ цаг ямагт санаж байх ёстой” гэлээ.
Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан талаарх мэдээллээ танилцуулсны дараа хэвлэлийн бага хуралд оролцсон сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2021/06/24
Ирэх даваа гарагаас 12-15 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж ...
-
Тод зураг2020/03/03
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
-
Дэлхий нийтээр..2023/08/07
Өв-Агро компани аймгийнхаа өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрэн хангажээ
-
Дэлхий нийтээр..2026/03/20
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулий...
