Дэлхий нийтээр..
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод
Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдрийн /2025.06.10/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
1 |
Төсвийн байнгын хороо |
· Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт · Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал · Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/ |
10.00 |
“Их засаг” |
|
2 |
Хууль зүйн байнгын хороо |
· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/ · Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай |
10.30 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
3 |
Ёс зүй, дэгийн байнгын хороо |
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/ · “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулсан талаарх Монгол Улсын Ёс зүйн хорооны мэдээллийг сонсох |
11.00 |
“Үндсэн хууль” |
|
4 |
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо |
· Ядуурал, зохистой хөдөлмөрийн зорилгын хэрэгжилтийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсох |
12.00 |
“Их засаг” |
|
5 |
Эдийн засгийн байнгын хороо |
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ · Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · “Сэлбэ дэд төв”-ийн нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний аудитын газар болон холбогдох бусад байгууллагын мэдээллийг сонсох · Улсын Их Хурлын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлт |
14.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
6 |
Инновац, цахим бодлогын байнгын хороо |
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/ |
14.30 |
“Их засаг” |
|
7 |
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо |
· “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн санал, дүгнэлт · Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/ |
15.30 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
8 |
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо |
Үйлдвэрлэл, технологийн паркийн форум |
09.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2024/01/02
Эхний ээлжийн автобуснууд Улаанбаатар хотод ирлээ
-
Дэлхий нийтээр..2021/06/21
Зээл авахад барьцаа хөрөнгө дутагдалтай байгаа бол Зээлийн батлан даалтын сан эн...
-
Чөлөөт бүс2022/01/26
Хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо
-
Дэлхий нийтээр..2025/08/29
Их Монгол Улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг хэсэгчл...
