Дэлхий нийтээр..
“ДЦС-3” ТӨХК-д ажилласан УИХ-ын ажлын хэсэг хөдөлмөрийн аюулгүй байдлын цогц шинэчлэл шаардлагатайг онцлов
Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 158 дугаар захирамжаар байгуулагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2025 оны зургаадугаар сарын 10-ны өдөр "Дулааны цахилгаан станц 3” ТӨХК-д ажиллалаа.
Энэ үеэр тус станцад гарсан ослын нөхцөл байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний нөөц, тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцан, холбогдох албаныхнаас мэдээлэл сонслоо.
Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат уулзалтын эхэнд ослын шалтгаан, үр дагавар нь системийн болон бодлогын түвшинд анхаарах шаардлагатай болсныг онцолж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг хэмнэлт нэрийн дор танах нь ослын эрсдэлийг улам нэмэгдүүлж байгааг тодотгосон. Тиймээс Эрчим хүчний яамтай холбоотой хариуцлагын асуудал яригдах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхцэцэг, Б.Нарантуяа нар осолд өртөж амь насаа алдсан инженер ажилтны ар гэрт эмгэнэл илэрхийлж, хүний амь нас, хөдөлмөрийн нөхцөлийг эрхэмлэн, сэргээн босголт, нөхөн төлбөр, дотоод хяналтын бодлогыг шинэчлэх шаардлагатайг тэмдэглэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхцэцэг сэргээн засварлах ажилд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалтыг шуурхай гаргаж, үндэсний аюулгүй байдлын зохицуулалтаар тендерийг саадгүй явуулах эрх зүйн зохицуулалт бий болгох нь чухал хэмээлээ.
"Дулааны цахилгаан станц 3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар, ослын нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч, шалтгааныг тогтоох шалгалтын явц үргэлжилж буйг тайлбарлав. Тэрбээр долдугаар машины цилиндрийн шинэчлэлийг 12 дугаар сарын 1-ний дотор дуусгахаар төлөвлөж буйгаа танилцуулж, тоноглолын гэмтлийн үнэлгээг хийж буй талаар мэдээлэв. Мөн 50 МВт-ын турбин, 25 МВт-ын генераторын нийлүүлэлтийг хугацаанд нь хийх шаардлагатай байгааг тодотгосон юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын инженер Б.Наранцацрал хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодит арга хэмжээ, зөрчлийг арилгасан байдал, цэвэрлэгээ, сургалт, хяналтын зохион байгуулалтын талаар танилцууллаа.
Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Энхсаран хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг хүний эрх, сэтгэлзүйн хамгаалалттай уялдуулан авч үзэх хэрэгтэйг онцолж, тендерийн үнэлгээний шалгуурт хамгийн бага үнэ бус, чанар, стандарт, ажилчдын оролцоог тусгах шаардлагатай хэмээгээд, улс төрийн нөлөөлөл, ТУЗ-ийн бүрдэл, хуульд өөрчлөлт оруулах шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат ослын талаарх мэдээллийг нуун дарагдуулах, хариуцлагаас зугтах, эсвэл хэн нэгэн рүү нялзаах үйлдэл хэрхэвч байж болохгүй. Ослын шалгалт, нөхөн сэргээх асуудалд бүх түвшний удирдлага хариуцлага хүлээх механизмыг бий болгох ёстой хэмээв. Мөн тэрбээр ажлын байран дээр осол гарсан тохиолдолд зөвхөн зааварчилгаа өгсөн, шалгасан гэх тайлбараар асуудлыг хаах бус, бүх шатны хамтран ажиллагчид, эзэмшигчдийг хамарсан ил тод, нээлттэй хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй. Үүгээр зогсохгүй хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиас гадна Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төсвийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ. Түүнчлэн эрсдэлийн урьдчилсан зардлыг төсөвт тусгах, нөхөн төлбөрийг нэг удаагийн бус тогтвортой, урт хугацааны байдлаар зохицуулах шинэчлэл хийх нь зүйтэйг дурдлаа. Цаашид зөв гольдирлоор явахгүй бол ижил төстэй нөхцөл байдалтай авто зам, тээвэр, уул уурхай зэрэг эрсдэл өндөртэй салбаруудад дээрх байдал давтагдаж болзошгүй анхааруулсан юм.
Цаашид ажлын хэсгээс дээрх салбаруудад газар дээрх судалгаа, нөхцөл байдлын үнэлгээ хийж, холбогдох яамд, төрийн байгууллагуудтай хамтран хуулийн нэмэлт, өөрчлөлт боловсруулах, салбар дамнасан (эрчим хүч, тээвэр, уул уурхай) хамтарсан дүгнэлт гаргах байдлаар ажиллаж, УИХ-ын чуулганд танилцуулж, эрх зүйн шинэчлэлийн саналаа өргөн барих төлөвлөгөөтэй байгаагаа онцлон хэллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдэгдлээ.
Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2024/11/20
Үндсэн хуулийн чиглэлээр сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
-
Чөлөөт бүс2019/06/19
Польш дахь монголчууд “Миний Монгол наадам” баярын арга хэмжээг зохи...
-
Дэлхий нийтээр..2024/04/03
Метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийн хоёрдугаар үе шатыг з...
-
Дэлхий нийтээр..2024/08/16
“S’Outlets” дэлгүүрийн буулгасан талбайд үерийн хамгаалалтын д...
