Дэлхий нийтээр..
Он гарсаар усны ослоор 23 иргэн нас баржээ
Он гарсаар усны ослоор 23 иргэн нас барсны долоо нь бага насны хүүхэд байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.Иргэд гол усны ослоос дараах байдлаар сэрэмжлэх боломжтой аж.
Усанд живэх осол нь хэнд ч, ямар ч гэр бүлд, хэдийд ч тохиолдож болох ба энэ нь агшин зуурт, чимээгүй тохиолддог. Хэдий та тогтоол усанд буюу бассейнд сайн сэлж чаддаг байсан ч урсгал ус буюу гол, мөрөн гэдэг бол тэс өөр. Голыг гүн, гүехэн гэж таах аргагүй. Харахад гайгүй гүехэн юм гэдэг байдлаар ордогт хамаг эрсдэл “нуугдаж” байна.
Хоёрдугаарт, тогтоол усанд буюу бассейнд ашиглах зориулалттай хийлдэг гудас, тоглоом, чанарын шаардлага хангахгүй бүрэн бус хийлдэг завь зэрэг нь иргэдийг хамгаалахаас илүү аюулд оруулдаг.
Гуравдугаарт, бага насны хүүхэдтэй хамт явж байгаа бол хүүхдээсээ хоромхон төдий ч хараагаа бүү салга. Хоол хийж байх хооронд, найзуудтайгаа хөзөр тоглож байхад, эсвэл утсаар ярьж байх хооронд хүүхэд маань усанд живчихлээ гэсэн нилээдгүй тохиолдлууд бүртгэгддэг.
Дөрөвдүгээрт, хэрэв голын эрэг дагуу амарч, завиар зугаалж байгаа бол эсвэл гол, устай ойр ямар нэгэн үйл ажиллагаа хийж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх. Учир нь согтууруулах ундаа хүний тунгаан бодох чадвар, тэнцвэртэй байдлыг алдагдуудаг ба шөрмөс татах, булчин нь зангирах зэргээр хөдөлгөөнд саад учруулах эрсдэлтэй байдаг.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
