Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр хална.
2025 оны долоодугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Оройдоо бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж 22-24 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж 24-26 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж 20-22 хэм дулаан байна.
2025 оны долоодугаар сарын 23-наа 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Долоодугаар сарын 23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


Үйл явдал
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Улаанбаатар хот болон Япон Улсын хотуудын хооронд нийтийн тээвэр, байгаль орчин, хог хаягдлын менежмент, гамшгийн эрсдэлийн удирдлага, спортын чиглэлээр хамтран ажиллах санал солилцов.

Энэ удаагийн уулзалт хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг орон нутгийн түвшинд бэхжүүлэх, Улаанбаатар хот болон Япон Улсын орон нутгийн засаг захиргаа, байгууллага, иргэд хоорондын харилцааг шинэ агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтой. Тодруулбал, Улаанбаатар хотод тийболлын спортыг хөгжүүлж, Япон Улсын багш, дасгалжуулагчийн арга барил, туршлагаас суралцах, тийболлын спортоор хичээллэж буй хүүхдүүдийг Япон Улсад сургах боломжтой талаар хэлэлцлээ.
Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ Улаанбаатар хоттой найрсаг харилцаагаа өргөжүүлж, спортын салбарын хүний нөөцийг чадавхжуулахад хамтран ажиллахаа илэрхийлэв.


Үйл явдал
“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав
“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт /2026.10.18/ Ховд аймагт болов. Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орсноор Евразийн зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлох үүд нээгдэнэ.
Экспортыг дэмжих логистикийн төвийг Ховд аймагт байгуулна. Эрдэнэбүрэнгийн УЦС баруун бүсийн эрчим хүчний тусгаар тогтнолыг хангах том төсөл гэдгийг хүн бүр ойлгож, дэмжих нь чухал гэлээ. Мөн "Ховд эко цемент" үйлдвэрийн бүтээн байгуулалтаар бахархаж буйгаа Ерөнхий сайд хэлээд Засгийн газар хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэн бүрээ дэмжинэ гэв.

Засгийн газар 2026 оны улсын төсвийн тодотголыг өргөн мэдүүлж, төрийн зардлаас 1.4 их наяд төгрөг танаж батлуулсныг танилцуулав. Хэмнэсэн зардлыг иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх, өрхийн бодит орлогыг хамгаалахад зориулна гэдгийг онцлов. Тухайлбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 01-нээс ахмадууд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр 26 хувиар нэмэгдэж 600 мянган төгрөг, асран хамгаалагчдын тэтгэмжийг мөн 12 хувиар нэмсэн. Эмч, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг жигд 50 хувиар нэмнэ. Багш, боловсролын салбарын ажилтны цалинг бүтэн жилээр нь олгоход дутагдаж байсан 674.5 тэрбум төгрөгийг батлуулсан. Мах, гурил, хүнсний ногооны нөөц бүрдүүлнэ. Цахилгааны үнэ нэмэхгүй. Шатахууны импортын татварыг тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлнэ гэлээ.

Мөн 2027 оны төсвийн төслийн онцлох есөн шийдвэрийг танилцуулав. Монгол Улс анх удаа Оюу толгойгоос хүртэх ногдол ашиг гурван их наяд төгрөгийн өгөөжийг ард түмэндээ хүргэнэ. 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, өвлүүлэх, бэлэглэх, арилжих нөхцөл бүрдүүлнэ. Татварын реформ хэрэгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжийг 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлнө. Тэтгэврийн реформоо үргэлжүүлж дундаж тэтгэврийг 1.3 сая төгрөгт хүргэнэ. Ахмадуудыг эмийн үнийн дарамтаас чөлөөлнө, иргэдийн эмэнд төлөх 79 тэрбум төгрөгийг халаасанд нь үлдээнэ. 16 мянган өрхийг орон сууцтай болгоно. Төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувь нэмнэ. Эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулж “Ногоон сургууль”-ийн тоог нэмнэ зэрэг иргэн, бизнес эрхлэгчдээ дэмжих төсвийн төслөө дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Мөн Засгийн газрын хэрэгжүүлж буй Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо танилцуулсан. Төсвийн орлогод эзлэх татварын орлогын хэмжээг үе шаттайгаар бууруулж иргэд, аж ахуй нэгжийг дэмжинэ. Засгийн газар төрийн өмчит компаниудыг татан буулгаж байна. ТӨК-иудын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Баялгийн сангаас иргэн бүр тэгш өгөөж хүртэх боломжийг нээнэ. Баялгаа олборлох бус боловсруулж, нэмүү өртөг бий болгох хүрээнд Ган, Зэс боловсруулах цогцолбор, Нүүрс-пиролизын үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийн төслийг эхлүүлсэн. Эдгээр төслийн үр дүнд 2030 он гэхэд 41 мянган шинэ ажлын байр бий болно. Үйлдвэрүүдэд ажиллах хүний нөөцийн суралцах зардлыг Боловсролын зээлийн сангаас шийдвэрлэнэ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулж, түлш, шатахууны хэрэглээнийхээ 50 хувийг хангана. 2030 он гэхэд 3199 МВт хүчин чадалтай болж эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлнэ. Хүнсний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнэ тогтворжуулах бодлого баримтална. 50 мянган яндан буулгаж, 100 мянган айлыг орон сууцанд хамруулна. Авлигатай ил тод тэмцэнэ. 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Одоо 27 хувьтай байгаа ядуурлын түвшинг 15 хувь хүртэл бууруулна гэлээ.

Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмж, тэтгэврийн шударга тогтолцооны суурийг тавьж, эмийн үнийн дарамтыг багасгаж буйд Ховд аймгийн иргэд талархал илэрхийлэв.
Улсын хэмжээнд 1600 гаруй цаг уурч байдаг. Нарийн мэргэжлийн энэ хүмүүсийн цалин хөлс, нийгмийн асуудал орхигдсон байсныг Засгийн газар шийдвэрлэж, анхаарч буйд тэд баяртай байгаагаа хэллээ.
Мөн Халзанбүрэгтэй төслийн хүрээнд орон нутгийнхны санал хүсэлтийг бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсэв.




-
Үйл явдал2022/10/24
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Дэлхий нийтээр..2025/07/23
Химийн хорт болон аюултай бодис ашиглах, импортлох үйл ажиллагаанд хяналт шалгал...
-
Үйл явдал2024/05/16
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2022/04/14
УИХ: Эдийн засгийн байнгын хороо хуралдана
