Дэлхий нийтээр..
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2,234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол хүртээлээ.
- Ажил мэргэжил, авьяас билиг, ур чадвар, амжилт бүтээлээрээ ард олондоо хүндлэгдэн, олон арван дууны уран бүтээл туурвиж олны хүртээл болгон, соёл, урлагийн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан Гавьяат жүжигчин, дуучин Самандын Жавхланд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.
Гавьяат тамирчин цолоор:
- Монгол Улсын Дархан аварга, “Увс нуур дэвжээ”-ний тэргүүн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын газрын дарга, хурандаа, Олон улсын хэмжээний мастер Намсрайжавын Батсуурь,
Гавьяат эдийн засагч цолоор:
- “Улаан толгой” чацарганы аж ахуйн захирал асан, эдийн засагч Махминийн Сүхбат,
- Монгол банкны Увс аймаг дахь хөрөнгө оруулалт, санхүүжилт хариуцсан эдийн засагч асан Цэгмэдийн Зодов,
Гавьяат багш цолоор:
- Увс аймгийн Завхан сумын дунд сургуулийн ахмад багш Жалцавын Зоригоо,
- Увс аймгийн Зүүнговь сумын ахмад багш Батаагийн Ядамсүрэн,
- Хоёрдугаар цогцолбор сургуулийн химийн багш Мягмарын Жаргалсайхан,
- Хоёрдугаар цогцолбор сургуулийн математикийн багш Рагчаадоржийн Одгэрэл,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
- Нийтийн үйлчилгээний газрын ахмад ажилтан, тогооч Хийрэвийн Янжмаа,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
- Увс аймгийн Өмнөговь сумын сум, нэгдлийн дарга асан Чойнболын Гомбосүрэн,
Гавьяат тээвэрчин цолоор:
- Ахмад жолооч Найдангийн Цэвээн,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
- Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга асан Тавхийн Шаравхүү
- Увс аймгийн Ус сувгийн газрын ахмад жолооч Түүвэнгийн Нямаа,
Хүний гавьяат эмч цолоор:
- “Энхжин” хүүхдийн эмнэлгийн их эмч Дамдины Наранцэцэг,
- Сум дундын эмнэлгийн дарга, эх барих эмэгтэйчүүдийн эмч Гэжээгийн Анхбаяр,
Гавьяат жүжигчин цолоор:
- Чөлөөт уран бүтээлч, хөөмийч, морин хуурч Жаргалын Эрдэнэдалай,
- “Ойрад” театрын гоцлол дуучин Уртнасангийн Баатар,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
- “Ойрад” театрын дууны техникч Жаргалын Алтангэрэл,
Гавьяат дасгалжуулагч цолоор:
- Увс аймгийн Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Юнэрэнгийн Баттогтох нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд түүхт ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Үйл явдал2020/12/22
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
-
Дэлхий нийтээр..2023/10/31
УИХ: Байнгын болон дэд, түр хороод өнөөдөр хуралдана
-
Үйл явдал2024/05/17
Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
-
Дэлхий нийтээр..2024/09/20
Иргэдийн хүсэлтээр Багахангай дүүргийн “Хангай” сургуулийг хуваана













