Үйл явдал
Алтанбулагийн боомтоор орж ирэх иргэдийг энэ сарын 28-ны 06 цаг хүртэл хүлээж авна
Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтад БНХАУ-ын иргэдийг ажиллуулахгүй, цаашид тодорхой хугацаанд аль ч улсаас ажиллах хүч авахгүй байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтоол гаргалаа. Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасны дагуу гадаадаас авах ажиллах хүчний тоог жил бүр тогтмол бууруулж байна. 2016-2019 онд 50 хувь бууруулж, энэ хэрээр монгол иргэдээ ажлын байраар хангажээ. Үүнээс гадна мэргэжилтэй ажилчин бэлтгэх зорилгоор Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад сард 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байна. Мөн төмөр замын болон дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтад цэргийн алба хаагчдыг ажиллуулж байгаа юм.
Хуралдаанаар Шинэ коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар хэлэлцсэн байна. Энэ дагуу улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал сунгахаар тогтов. Мөн хугацаанд их, дээд сургууль, коллеж, МСҮТ, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг ажиллахгүй. Сургуулиудын үйл ажиллагааны зардал, сургалтын төлбөр, багш, ажилтны ажлын хөлс зэрэгтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг сайд Ё.Баатарбилэгт даалгалаа. Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хязгаарласан. Гэхдээ нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын иргэдийг Алтанбулаг боомтоор ирэх долоо хоногийн бямба гараг буюу 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06.00 цаг хүртэл, Цагааннуур боомтоор 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 20.00 цаг хүртэл нэвтрүүлсний дараа хаахаар боллоо. Гадаадын улс орнуудад байгаа иргэдээ хэзээ татаж авахыг Улсын онцгой комисс тухай бүр нь хэлэлцэн шийдвэрлэж байх юм.
Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг газарт байгаа иргэдийг 14 хоног тусгаарласны дараа гэрт нь мөн 14 хоног тусгаарлана. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, баг, Сууц өмчлөгчдийн холбоод үүнд хяналт тавих үүрэг хүлээсэн байна. Ирэх 14 хоногт бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд орон даяар гадна, дотор орчин, гудамж, талбай, гэр орондоо ариутгал, халдваргүйтгэл хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
