Дэлхий нийтээр..
Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан. Ийнхүү өнгөрсөн зургаадугаар сарын 2-ноос эхлэн иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний ямар дүрмийг, хаана, хэрхэн зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоос /линк/-оор илгээдэг болсон. Энэ удаа эдгээр сануулах мессеж, зөрчлүүдийн талаар иргэнд саналт хүсэлт байвал, түүнийг нь засаж өөрчлөх боломжтой болжээ.

Энэ талаар ЗХУТ-ийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баярцэцэг “Хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийн туршилтын хугацаанд иргэдэд зөрчлийн талаар алдаатай сануулах мессеж ирж байгаа талаарх гомдол, санал нэлээд ирж байна. Эдгээр санал хүсэлтийг хүлээн авч иргэний мэдээллийг шалган залруулга мэдээллийг өгдөг. Гэхдээ энэ тал дээр системийн шинэ сайжруулалтыг ирэх долоо хоногт хэрэгжүүлж эхэлнэ. Ингэхдээ иргэдэд очиж буй мессежний холбоос /линк/ хэсэгт санал хүсэлтийн цонхийг шинээр үүсгэсэн. Санал хүсэлтийн цонх зургаан сонголттой. Жишээлбэл, тухайн иргэний өөрийнх нь автомашин биш тохиолдолд цонх хэсэгт байрлах сонголтуудаас идэвхжүүлэн бидэнд хариу мэдээлэл илгээх боломжтой. Тухайн мэдээллийг бид хянан зөв мэдээллийг засварладаг болсон” гэлээ.

Хиймэл оюууха анд суурилсан камерын хяналтын системийн тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрмийн дараах зөрчлийг илрүүлэх боломжтой. Тодруулбал,
Хурд хэмжих
Гэрэл дохионы зөрчил илрүүлэх
Чиглэлийн тээврийн эгнээний дүрэм зөрчсөн тохиолдлыг илрүүлэх
Автобусны буудал дээр зогссон зөрчлийг илрүүлэх
Эгнээ байр буруу эзэлсэн зөрчлийг илрүүлэх
Агшин зуурын хурд хэтрүүлэх /Энэ нь жолоочийн яг одоо ямар хурдтай явж байгаа талаарх мэдээллийг өгдөг/
Дундаж хурд хэтрүүлэх /Энэ нь тухайн аялал ямар хурдтай байсан талаарх том зураглал бүхий мэдээллийг өгдөг/
Зогсох шугам давах, үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрсөн зөрчлийг илрүүлэх
Түр болон удаан хугацаагаар тээврийн хэрэгслийг байршуулсан зөрчлийг илрүүлэх
Явган хүний зам болон ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслийг удаан хугацаагаар байршуулсан зэрэг зөрчлийг илрүүлж байна.

Иргэд тээврийн хэрэгслийн стандартын бус номер, дугаар зүүж байгаатай холбоотойгоор хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын систем буруу таних тохиолдол гарч байгаа тул иргэдийг стандартын номер зүүхийг албаныхан санууллаа. Мөн бүртгэлийн газартай хамтран мэдээллийг нарийн шалгаж хариу илгээдэг боллоо.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Хэн юу хэлэв...2022/10/13
УИХ-ын дарга Г.Занданшатар Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа
-
Дэлхий нийтээр..2022/03/29
МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Бадар-Ууганыг томилов
-
Дэлхий нийтээр..2022/08/25
ЗГ: Дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох ажлыг зох...
-
Дэлхий нийтээр..2023/05/22
УБТЗ-ын Төв эмнэлэгт хөлийн эрхий хурууны халгус валгусын хагалгаа хийж эхэллээ
