Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Монгол Улсын төсвийн төслийн талаарх цуврал хэлэлцүүлэг “Төсвийн орлого бүрдүүлэлт" сэдвээр эхэллээ

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос “Төсвийн орлого бүрдүүлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд өнөөдөр /2025.09.22/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Р.Батболд, П.Сайнзориг, Д.Үүрийнтуяа болон Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, нийслэл, дүүргийн татварын байгууллагын холбогдох албан тушаалтнууд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл, салбарын эрдэмтэн, судлаачид зэрэг 60 орчим хүн оролцов.

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг хэлэлцүүлгийг нээж, үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон бусад холбогдох хуулиудад өөрчлөлт оруулсантай холбогдуулан Монгол Улсын ирэх жилийн төсвийн төслийг таван үе шаттайгаар хэлэлцэн баталдаг болсон гээд, энэ хүрээнд ард түмнээр төсвийн төслийг хэлэлцүүлж, иргэдээс төсвийн хөрөнгө оруулалттай холбоотойгоор эрэмбэлсэн санал авсныг дурдлаа.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган эхэлсэн өдрөөс Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа бөгөөд тус Байнгын хорооноос “Төсвийн орлого бүрдүүлэлт”, “Улсын төсвийн хөрөнгө оруулалт”, “Уул уурхай бүтээгдэхүүний экспортын боломж, эрсдэл”, “Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн төсөл”, "Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл”-ийн талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсныг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын 2026 онд төсвийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буйтай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчдоос төсвийн орлого бүрдүүлэлтийн талаар саналаа өгөхийг Байнгын хорооны дарга Х.Ганхуяг хүсэхийн зэрэгцээ энэ удаагийн хэлэлцүүлэг төслийн орлого бүрдүүлэлт, төлөвлөлт, хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлын гарц, шийдлийг олоход үр өгөөжтэй байна гэдэгт итгэлтэйгээ байгаагаа илэрхийлсэн.

Дараа нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат “Төсвийн орлого бүрдүүлэлтийн өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр илтгэлдээ 2025 оны нэгдсэн төсвийн орлогын эхний найман сарын байдал, төсвийн орлогын тооцоололд ашигласан макро үзүүлэлтүүд, орлого бүрдүүлэх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, төсвийн орлогын бүтцийн талаар хөндсөн. 2025 оны эхний найман сарын байдлаар төсвийн нэгдсэн нийт орлогод 19.3 их наяд төгрөг төвлөрчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт орлого 572.4 тэрбум, тэнцвэржүүлсэн орлого 818.5 тэрбум төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлт юм байна. Татварын орлого 1.1 их наяд төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 931.2 тэрбум төгрөгөөр буурчээ. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар 120 тэрбум, хүн амын орлогын албан татвар 243.2 тэрбум төгрөгөөр давж биелсэн бөгөөд татварын бус орлого 306.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэж байлаа.

Мөн төсвийн орлого бүрдүүлэх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав. Тухайлбал, Үндэсний баялгийн санг арвижуулах, Ирээдүйн өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 40 хувийг хуваарилж байгааг ирэх онд 65 хувь болгохоор төлөвлөжээ. Боомтын дэд бүтэц, тээвэр зохион байгуулалтыг сайжруулж, хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлснээр нүүрсний экспортыг 2026 онд 90 сая тоннд хүргэнэ гэв. Нэмэгдсэн өртгийн албан татварын 1 сая хүртэлх худалдан авалтын иргэдийн буцаан олголтыг 5 хувьд хүргэх, төлбөрийн баримт олголтыг цахимжуулж, хамрагдалтыг нэмэгдүүлснээр татварын бааз, суурийг өргөжүүлнэ хэмээн илтгэлдээ дурдсан юм.

Түүнчлэн төсвийн орлогын бүтцийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Хэлэлцүүлэг “Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэг” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга, ерөнхийлөгч Г.Алтанзаяагийн “Төсвийн орлого, татварын шинэчлэлийн уялдаа” сэдэвт илтгэлээр үргэлжилсэн.

Тус илтгэлд төсвийн орлого, орлого бүрдүүлэлтийн загвар, татварын шинэчлэл, олон улсын чиг хандлага ба практик туршлага, Монгол Улсын нөхцөл ба сорилтууд, татварын шинэчлэлийн бодлогын загвар хуулиудын төсөл, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварын уялдааг сайжруулах хувилбар, хүн төвт нийгэм-хүн амын орлогын албан татварын шинэчлэлийг бусад хуулиудтай уялдуулах зэрэг асуудлыг хөндсөн байлаа. Тухайлбал, татварын шинэчлэл нь төсвийн тогтвортой байдал, нийгмийн шударга ёс, иргэн, төрийн харилцаатай бодлогын уялдаатай байх талаар тайлбарлав.

Мөн илтгэлд татвар нь зөвхөн төлбөр төлөх биш, хамтын хариуцлага, ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт гэдгийг тодотгосон. Илтгэгч татварын шинэчлэлийн бодлогод анхаарах зүйлсийн талаар дурдсаныг доорх зурагнаас харна уу.

Дээрх илтгэлийн хүрээнд хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна

Огноо:

,

Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.

Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.

Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.

Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.

Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ

Огноо:

,

БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.

1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.

Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.

АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.

Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.

“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ

Огноо:

,

Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.

Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.

Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.

Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.

Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Дэлхий нийтээр..2026/06/05

Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлө...

Дэлхий нийтээр..2026/06/05

БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ

Үйл явдал2026/06/05

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яа...

Дэлхий нийтээр..2026/06/05

Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг б...

Үйл явдал2026/06/05

Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүд...

Үйл явдал2026/06/05

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуу...

Үйл явдал2026/06/05

Улаанбаатар хот БНСВУ-ын Нинь Бинь мужтай хамтын ажиллагаагаа өргөжү...

Үйл явдал2026/06/05

Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа

Үйл явдал2026/06/05

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төсл...

Үйл явдал2026/06/05

УИХ-ын онцгой бүрэн эрхийг бататгах хуулийг төслийг дэмжив

Үйл явдал2026/06/05

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна

Үйл явдал2026/06/04

Уламжлалт анагаах ухааны хөгжлийн бодлого, шинэчлэлийг хэлэлцэх үндэ...

Үйл явдал2026/06/04

Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтыг зургаадугаар сарын 15-нд бүр...

Үйл явдал2026/06/04

Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг...

Үйл явдал2026/06/04

Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг...

Үйл явдал2026/06/04

Эмнэлгийн орчин дахь эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан үнэлгээ...

Үйл явдал2026/06/04

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Дэлхий нийтээр..2026/06/04

Европын Холбооны шүүх “мессенжер”-ийн талаарх шийдвэрийг хэвээр ...

Үйл явдал2026/06/04

Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд...

Үйл явдал2026/06/04

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна...

Үйл явдал2026/06/04

Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

Дэлхий нийтээр..2026/06/03

Трамп хиймэл оюуны шинэ загваруудыг олон нийтэд нэвтрүүлэхээс өмнө З...

Дэлхий нийтээр..2026/06/03

АНУ-д ажлын байрны зар нэмэгдсэн ч ажилд авах идэвх сулрав

Дэлхий нийтээр..2026/06/03

ДЭМБ: Эбола өвчнөөс эдгэрсэн тохиолдлууд найдвар төрүүлж байна

Үйл явдал2026/06/03

Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн т...

Дэлхий нийтээр..2026/06/03

Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн...

Хэн юу хэлэв...2026/06/03

Өглөөний нарыг унтаж алдаж, оройн харанхуйд тог цахилгаан худалдаж а...

Үйл явдал2026/06/03

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

Үйл явдал2026/06/03

Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн ос...

Үйл явдал2026/06/03

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж...

Санал болгох