Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 14 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Алба хаагчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргээ цагийн байдал, цаг агаарын хүнд нөхцөлд амжилттай гүйцэтгэснийг тэмдэглэлээ.
Ялангуяа энэ оны 4, 5 дугаар сард Өмнөд Суданы Юнити мужид болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр 1,500 орчим иргэн, НҮБ-ын ажилчдыг бүрэн хамгаалалтад авч, аюулгүй байдлыг нь ханган, 800 орчим дүрвэгч бүхий цувааны хамгаалалтыг өндөр түвшинд зохион байгуулсныг онцоллоо.
“Монгол цэрэг” хэмээх нэрийг дуурсгаж яваа мянга мянган энхийг сахиулагч дайчдын гавьяа зүтгэл нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулж байгааг хэллээ.
Мөн энхийг сахиулагчдын бат бэх ар тал нь болж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, өрх гэрээ авч явах ачааны хүндийг үүрч байдаг гэр бүлд нь талархал илэрхийлж, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөлөө.
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Цэргийн багийн ахлагч, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн Энхийг дэмжих ажиллагааны ахлах офицер, хурандаа Дуламжавын Эрдэнэбилэг,
- Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн Дүрэм, заавар боловсруулах судалгааны ахлах офицер, дэд хурандаа Нямсүрэнгийн Шинэбаяр,
Цэргийн гавьяаны одонгоор:
- Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа Чантуугийн Батчулуун,
- Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын Ахлагчийн хөгжлийн төвийн дарга, тэргүүн ахлагч Төмөрхуягийн Сандагдорж,
Цэргийн хүндэт медалиар:
- Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Батлан хамгаалах удирдлагын академийн цэргийн операци-тактикийн төвийн багш, хошууч Мөнхбаярын Бат-Эрдэнэ,
- Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Нисэхийн тусгай тоноглолтой авто техникийн инженер, ахмад Сүхбатын Баасандорж,
- Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн ангийн тэргүүн ахлагч Батсанаагийн Баднаанямбуу нарын 38 алба хаагчийг,
Энхийн төлөө медалиар:
- Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн химич, ариутгагч, дэд ахлагч Сүхбаатарын Баасанхорол,
- Хилийн цэргийн 303 дугаар ангийн холбоочин, ахлагч Баттогтохын Болорчимэг,
- Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газрын аврагч, ахлах ахлагч Дэмбэрэлийн Төрсүлд нарын 437 алба хаагчийг шагналаа.
Одоогоор манай 896 цэнхэр дуулгатан энхийг сахиулж байгаагийн 14.2 хувь нь эмэгтэй бөгөөд энэ үзүүлэлтээрээ НҮБ-д цэрэг хандивлагч 121 орноос 19 дүгээрт эрэмбэлэгдэж байна.
Мөн Бүгд Найрамдах Кипр Улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар анх удаа монгол генерал томилогдон үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Монгол цэргийн нэр хүнд жилээс жилд нэмэгдэж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны оролцоо, удирдах албан тушаалтан, эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэх бодлогын үр дүн гарсаар байна.
Манай улс 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад анхны хоёр цэргийн ажиглагчаа илгээсэн бөгөөд өнөөг хүртэл давхардсан тоогоор 22 мянга гаруй цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ.
Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2022/08/31
“Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний төслийг танилцууллаа
-
Дэлхий нийтээр..2020/07/27
Хамарын хийд орох замын далан нуржээ
-
Дэлхий нийтээр..2023/08/10
Г.Занданшатар: 2024 онд шинээр байгуулагдах парламент сонгодог мэтгэлцээний зарч...
-
Дэлхий нийтээр..2023/04/10
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...









