Дэлхий нийтээр..
Д.Батмөнх: Монгол Улс COP17 хурлаас 1-1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт татах боломжтой
-COP17 төслийг манай улсад зохион байгуулах тов хэзээ гарсан юм бол. Хурлаар юуг хэлэлцдэг вэ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Манай улс 1994 онд баталсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцод 1996 онд нэгдэн орсон. Энэхүү конвенцод нэгдэн орсон талуудын бага хурал хоёр жилд нэг удаа болж, зохион байгуулах улсыг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэдэг.
Энэ зарчмаар 2022 онд Кот-д’Ивуар улсын Абижан хотноо болсон талуудын 15 дугаар бага хурлаар 16 дугаар бага хурлыг Саудын Араб, харин 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Талуудын бага хурал 10-12 хоногийн хугацаанд үргэлжилж, ган, цөлжилт, газрын доройтолтой тэмцэхтэй холбоотой байгаль орчин, газар, усны нөөцийг хамгаалах, хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжилд дэмжлэг болох, худалдаа, эдийн засгийн таатай нөхцөлийг бий болгохын тулд олон улсын түншлэл, зах зээлийн зохицуулалт, өрийн асуудалд онцгой анхаарч, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө санхүү босгох, технологи, ил тод байдал, чадавх бэхжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцдэг.
-Энэхүү хурлыг зохион байгуулснаар Монгол Улс дэлхийн анхаарлын төвд орж, улсаа сурталчлах боломж бүрдэж байна гэж харж байна?
-Тийм ээ.Тус хуралд 150 орны Засгийн газрын төлөөлөл ирнэ гэсэн урьдчилсан тооцоолол байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 150 орны Засгийн газрын төлөөллийг нэгэн зэрэг авчирч чадахгүй. Харин НҮБ авчирч өгч байгаа юм. НҮБ-тэй хамтарч ажиллана гэдэг нь дэлхийтэй хамтарч байна гэсэн үг. Харин НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулснаар Монгол Улс 2026 оны наймдугаар сараас 2028 оныг дуустал тус конвенцыг даргалж, бодлого, хөрөнгө оруулалт, түншлэлийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх, манлайлах бүрэн боломжтой болох юм. Мөн COP17 хурлыг зохион байгуулснаар манай улсын гадаад бодлогын манлайлал, нэр хүнд нэмэгдэн олон улсын анхаарлыг татах боломж бүрдэнэ.
-Хурал зохион байгуулагдснаар ямар эдийн засаг болон бусад үр ашигтай вэ?
-Монгол Улс COP17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьж, төлөвлөж байна. Хурлаар урт хугацааны бодлогын санаачилга танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацааны чанартай төслүүдийг эхлүүлэх боломжтой. Тухайлбал, өмнө нь энэхүү хурлыг зохион байгуулж байсан Энэтхэг улс 26 сая га газрыг нөхөн сэргээх төсөл эхлүүлж, 1.5 тэрбум ам.доллар, Котд’Ивуар улс Африк тивийг ногооруулах замаар цөлжилттэй тэмцэх бүсийн санаачилгыг “Африкийн Ногоон бүс” нэртэйгээр хэрэгжүүлж 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан. Харин 2024 онд Саудын Арабын хаант улс олон улсын хэмжээнд “Ганд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх түншлэл”-ийг хэрэгжүүлэхээр санаачлан 12.15 тэрбум ам.долларын амлалтыг баталгаажуулжээ. Тиймээс Монгол Улс НҮБ-ын конвенцын талуудын бага хурлаар тодорхой санаачилгуудыг танилцуулахаар “Газар-Ус-Мод” томьёоллын хүрээнд боловсруулж эхэлсэн. Ер нь COP17 бага хурлыг зохион байгуулснаар байгаль орчны болон тогтвортой хөгжлийн асуудлын ач холбогдлыг олон нийтэд таниулах боломж бүрдэхээс гадна Монгол Улсын нийгэм, эдийн засагт шууд болон шууд бусаар эерэг нөлөө үзүүлнэ. Учир нь хурлыг хөгжингүй бус хөгжиж байгаа улс оронд түлхүү зохион байгуулдгаараа онцлогтой. Үүний гол шалтгаан нь тухайн оронд эдийн засгийн хувьд дэмжлэг үзүүлэх явдал юм. Хуралд хамгийн багадаа 6-10 мянган хүн ирүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эдгээр бүх хүн өөрсдийн зардлаар ирдэг учраас зочид буудал, хоол хүнс, тээвэр, үйлчилгээний салбараас эхлээд орлого олох боломжтой гэж ойлгож болно. Хурлын дараа бид юутай үлдэх вэ гэдэг нь хамгийн чухал. Тиймээс газрын доройтлыг бууруулах, нөөцийн менежментийг сайжруулах чиглэлээр олон улс, бүс нутгийн түвшинд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах нь зүйтэй. Мөн орон нутаг руу чиглэсэн аяллын маршрут, хөтөлбөрүүдийг бий болгох замаар дотоодын эдийн засаг, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжих боломж ч байгаа. Түүнчлэн НҮБ-ын томоохон хурал зохион байгуулахад зочид буудал, тээвэр, арга хэмжээний зохион байгуулалт зэрэг салбарт 3000-8000 түр ажлын байр бий болдог.
-Энэ хурлыг цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна гэсэн. Барилга байгууламжийн ажил эхэлсэн үү. Бэлтгэл ажил хэр зэрэг явж байна вэ?
– Нийслэлийн ИТХ-аас гаргасан шийдвэрээр талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах цогцолбор барилга байгууламжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барьж байгуулахаар болсон. Тус цогцолбор ойролцоогоор 27 га талбайг хамрах бөгөөд ингэхдээ албан ёсны хэлэлцээ явагдах “Цэнхэр бүс”, олон нийтэд нээлттэй үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулах “Ногоон бүс” гэсэн хоёр чиглэлтэй байна.
Монгол Улсын Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлэх санал тавьсан Азербайжаны “Orientation events” компанийн тооцоолсноор үзэсгэлэнгийн талбайг түрээсэлснээр цэнхэр бүсээс 4.2 сая ам.доллар буюу 15.1 тэрбум төгрөг, ногоон бүсээс болон ивээн тэтгэгч нараас 13.6 сая ам.доллар буюу 64.1 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой. Хүлээн авагч орны хэлэлцээрийн хавсралтад ямар хэмжээ дамжаатай хэчнээн барилга байгууламж байх вэ гэдгийг нарийн тусгасан байдаг.
Энэ хүрээнд өнгөрсөн тавдугаар сард НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын төлөөлөл манай улсад хүрэлцэн ирж загвар зурагтай танилцан үнэлэлт дүгнэлт хийж, зөвлөмж өгсөн. Үүний дагуу бид бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. НҮБ-ын тавьж буй шаардлагыг хангасан компани үндсэн гүйцэтгэгчээр орж ирэх бөгөөд туслан гүйцэтгэгчээр дотоодын хувийн аж ахуйн нэгжүүдийг оруулах боломжийг гэрээ хэлэлцээрийн хүрээнд бүрдүүлэн ажиллаж байна.
Барилга байгуламжийн загвар нь тогтвортой хөгжлийн зарчмыг тусган, байгаль орчинд ээлтэй шийдэл, хүртээмжийг ханган, ногоон барилгын шилдэг жишгийг харуулсан байна. Одоогоор архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулж, эрчим хүч, цэвэр, бохир ус, интернетийн дэд бүтцийг холбох ажлыг эхлүүлсэн. Цогцолборыг байнгын бус түр угсрах, татан буулгах боломж бүхий шийдлээр гүйцэтгэх бөгөөд 2026 оны гуравдугаар сараас эхлүүлж, зургадугаар сард багтаан гүйцэтгэхээр төлөвлөж байна.
-Барилга байгууламжийг барих шаардлагатай төсвийг энэ оны болон ирэх оны төсөвт суулгасан гэж байна. Хэчнээн төгрөг суулгаж байгаа вэ?
-Шаардлагатай ажлуудыг хэлэлцээрт тусгасан стандартын дагуу бүрэн дүүрэн гүйцэтгэхэд 300 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. COP17 хурлыг зохион байгуулахад шаардагдах санхүүжилтийг энэ оны болон ирэх жилийн төсөвт хэрхэн тусгасан. COP17 хурлыг зохион байгуулахтай холбоотой БОУАӨ-ийн сайдын 2025 оны төсөвт 50 тэрбум төгрөг тавигдсан бөгөөд үүний эрхийг нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн.
Харин 2026 оны төсөвд 200 гаруй тэрбум төгрөг тавигдаж байгаа. НҮБ-аас тавьж буй стандартын шаардлагын дагуу барилга байгууламж барих ёстой. Энэхүү барилга байгууламжид зарцуулах шаардлагатай 150 тэрбум төгрөгийн санхүүжилтийг БОУӨ-ийн сайдын багцад тавьж өгч байгаа. Үүнийг хэрэгжүүлэгч нь нийслэлийн Засаг дарга. Хэрэв, энэхүү санхүүжилт ийм байдлаар батлагдвал ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр шилжүүлнэ. Харин НҮБ-аас ирүүлсэн стандарт шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж болон бусад техник хангамж худалдан авахад 67 тэрбум төгрөг шаардлагатай гэж төсөвт тавигдаж байгаа. COP17 хурал бол нэр төдий зүйл биш. Үүнд зарцуулсан санхүүжилтийг үр бүтээлтэй зарцуулах ёстой. Монгол Улс 100 орчим сая ам.доллар зарцууллаа гэж бодоход үүнийг хамгийн багадаа арав, хорь дахин боломж байвал түүнээс ч их хэмжээний хөрөнгө оруулалт татах төсөөлөлтэй ажиллаж байна.
TIME.MN Б.Баяржавхлан
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2022/02/16
Сарын бүрийн 1-нд согтууруулах ундаа зарахыг хориглосон шийдвэрийг хүчингүй болг...
-
Дэлхий нийтээр..2020/12/23
QR авах хүсэлтийг Замын хөдөлгөөн зохицуулалтын баг хүлээн авна
-
Үйл явдал2025/12/17
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод
-
Тод зураг2020/06/09
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
