Дэлхий нийтээр..
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Шинэ Дели хотын “Палам” нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Иргэний нисэх болон Хамтын ажиллагааны яамны Төрийн сайд Мурлидхар Мохор, тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд нар үдэж мордууллаа.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийн, “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгч, “Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргалаа.
Энэ удаагийн төрийн айлчлалаар:
- Хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон газрын зургаа зурж, харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг эхлүүллээ.
- Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологи, соёл, хүмүүнлэг, залуучууд, спорт, соёл, урлаг зэрэг салбарт хамтран ажиллах 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.
- Хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахаа нотоллоо.
- Гуравдагч улсын боомт, тээврийн коридоруудыг хамт ашиглах, энэ оны сүүлээс Улаанбаатар-Дели, Улаанбаатар-Амрицар чиглэлд шууд нислэг үйлдэхийн зэрэгцээ транзит нислэгийг нэмэгдүүлэхээр боллоо.
- Бүс нутгийн болон олон улсын тавцанд энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаа нотоллоо.
- БНЭУ-ын санаачлан байгуулсан “Олон улсын нарны эрчим хүчний холбоо”-нд Монгол Улс нэгдэн орлоо.
- БНЭУ-тай хамтран хил хамгаалах, Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Энэтхэгийн “Ээжийн төлөө нэг мод” хөдөлгөөнийг уялдуулан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүчин чармайлтаа нэгтгэхээр тохиролцлоо.
- “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хонины ноос боловсруулах, хивс, нэхмэлийн үйлдвэрлэлийн сайн туршлагыг нэвтрүүлэхээр болов.
- Түүхий эдийн нийлүүлэлт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хамтран гаргах чиглэлд хамтран ажиллана.
- “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах монгол оюутны тоог 70-аар нэмлээ.
- Англи хэлний 1,000 багш, мэдээллийн технологийн чиглэлээр 1,000 мэргэжилтэн сургаж, “Монгол-Энэтхэгийн найрамдлын ерөнхий боловсролын сургууль” байгуулна.
- Энэтхэгийн тал монгол иргэдэд цахим визээ үнэ төлбөргүй олгохоор болов.
- Хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохион байгуулж, урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааны үндэс сууриа тавилаа.
- Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Шинэ Дели хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо сонирхууллаа.
- Айлчлалын хүрээнд “Монголын сайхан орон” гэрэл зураг болон морин хуурын үзэсгэлэн гаргалаа.
- Тааламжтай цагтаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийх урилгыг Ерөнхий сайд Н.Моди талархан хүлээж авлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал түлхэц үзүүллээ.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Үйл явдал2022/11/18
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2022/03/09
АТГ: “Санхүүгийн мөрдлөг” сургалтыг зохион байгуулж байна
-
Дэлхий нийтээр..2023/04/24
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдав
-
Дэлхий нийтээр..2025/12/03
Бусдад дансаа ашиглуулж мөрийтэй тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн гэм...
