Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, хүйтэн салхитай байна.
2025 оны аравдугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр 4-9 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0-2 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.
2025 оны аравдугаар сарын 30-наас
2025 оны арваннэгдүгээр сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 30-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд Хэнтийн уулс, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 11-р сарын 01-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 31, 11-р сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэмийн дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Хэн юу хэлэв...2021/04/29
Ж.Гантулга: Суралцагчдын сурлагын хоцрогдлыг арилгах төлөвлөгөө гарган ажиллаж б...
-
Дэлхий нийтээр..2020/06/26
СОНГУУЛЬ 2020: 26-р тойрог /Баянгол дүүрэг/
-
Үйл явдал2020/06/18
ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна /2020.06.1...
-
Дэлхий нийтээр..2025/02/27
ХСҮТ-д бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулна
