Дэлхий нийтээр..
Шатахууны хомсдолоос үүдсэн аливаа эрсдэлд бэлэн байхыг үүрэг болгов
Хөдөө, орон нутгийн иргэдээс УОК-т шатахуун тасалдсантай холбоотойгоор гомдол, ирж буйтай холбогдуулан Улсын онцгой комиссын шуурхай штабын хуралдаан боллоо.
Хуралдаанд Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам болон нийслэлийн холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож, өвөлжилтийн бэлтгэл, шатахуун, эрүүл мэнд, түлш, эрчим хүчний аюулгүй байдал, цаг үеийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, тодорхой үүрэг чиглэл өглөө.
Өнөөдрийн байдлаар баруун бүсэд 14.6 сая, хангайн бүсэд 14.4 сая, хойд бүсэд 8.2 сая, төвийн бүсэд 6.0 сая, говийн бүсэд 12.5 сая, зүүн бүсэд 8.7 сая мал өвөлжиж, хаваржихаар байна. Улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт 7.7 мянган малчин өрхийн 3.2 мянган толгой мал өвөлжих урьдчилсан судалгаа гарсан байна.
Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуухнаас 48 нь ажиллаж, 13 нь бэлтгэлд, 8 нь засварт байна. 10 дугаар сарын 24-ний байдлаар станцууд дунджаар 13 хоногийн буюу 663.6 мянган тонн нүүрсний нөөц, 3,405 тонн мазутын нөөцтэй байна.
Нийслэлд шахмал түлшийг 24 тээврийн компани зүүн үйлдвэрийн агуулахуудаас борлуулалтын цэгүүд рүү тээвэрлэлт хийж байгаа бөгөөд 10 дугаар сарын 24-ний байдлаар 397 борлуулалтын цэг ажиллаж, 8.5 мянган тонн мидлинг, 6.3 мянган тонн хагас коксжсон шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байна.
Хуралдааны үеэр УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Улсын онцгой комиссоос өнгөрсөн 6-8 дугаар сараас эхлэн холбогдох байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, шатахуун, бензин, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлж хангалтыг тогтмол хянах үүрэг чиглэл өгч, зарим аймагт газар дээр нь очиж ажилласан. Гэвч биднээс үл шалтгаалсан хүндрэл бэрхшээл гарсан тул төр, хувийн хэвшил, орон нутгийн захиргаа уялдаа холбоотой ажиллаж, хүндрэл бэрхшээлийг даван туулах шаардлагатай байна. Дулааны цахилгаан станцуудыг хэвийн ажиллуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг тасралтгүй ажиллагаатай байлгах нь өвлийг хүндрэл багатай даван туулах үндсэн нөхцөл юм. Төвийн бүсийн цахилгааны хэрэглээ өвлийн оргил үед 1,800 МВТ хүрэхээр тооцоологдсон тул өндөр эрсдэл үүсэж болзошгүй. Энэ нөхцөлд холбогдох байгууллагуудыг шат дараатай төлөвлөгөө боловсруулж ажиллана” гэдгийг онцоллоо. Мөн баруун бүсийн аймгуудад өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул отор нүүдэл хийж буй малчдын нөхцөл байдлыг онцгойлон хянаж, мал сүргийн аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх үүрэг өглөө.
Өнөөдрийн байдлаар 1.1 сая орчим толгой мал отрын бүсэд байгаа аж. Энэ тоо цаашид өсөх хандлагатай тул малчдын хүнс, тэжээл, шатахууны хангалтыг тасалдуулахгүй байлгах, зам даваа хаагдсан үед шуурхай тусламж хүргэх, Онцгой байдлын байгууллага, эрүүл мэнд, цагдаа гэх мэт төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, аймаг, сумын онцгой комиссыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж 24 цаг ажиллуулахыг үүрэг болголоо. Түүнчлэн нийслэл, аймаг, орон нутгийн ШТС-ын мэдээллийг олон нийтэд тогтмол нээлттэй хүргэж, шатахуун хаана тасарсан, хаана олгож байгааг нэг урсгалаар тогтмол мэдээлэхийг Шадар сайд С.Амарсайхан онцоллоо. Цаашид шатахууны хомсдол ойрын хугацаанд шийдэгдэх хэдий ч өвсний тээвэр болон улс хоорондын ачаа тээврийн үнэ өсөж импортын бараа, өвс тэжээлийн зохиомол үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлтэй байгаа тул онцгойлон анхаарахыг санууллаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Үйл явдал2022/12/22
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
-
Дэлхий нийтээр..2025/10/23
Цөлжилттэй Тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламж...
-
Дэлхий нийтээр..2022/10/21
Ханиад томуугаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна
-
Дэлхий нийтээр..2023/10/04
Жилийн хугацаанд 415 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 91 хувьтай байв
