Дэлхий нийтээр..
Дэд хороо ёс зүйн хариуцлага ногдуулах тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо 2025 оны араннэгдүгээр сарын 10-ны өдөр хуралдаж ёс зүйн хариуцлага ногдуулах тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Д.Ганмаагаас Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороонд 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/11434 тоот албан бичгээр хандсан байна. 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн гаргасан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.21-д “Улсын Их Хурлаас баталсан гишүүний ёс зүйн дүрэм, хуралдааны дэгийг чанд сахиж ажиллах” 44 дүгээр зүйлийн 44.1.11-д “бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны болон нэгдсэн хуралдаанд эсхүл хуралдаанаас гадуур бусдыг гүтгэж, доромжлох”, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д “албан үүргээ гүйцэтгэхдээ бусдыг аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх”, Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.5-д “биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайлал үзүүлэх”, 2.2.1-д “гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн шаардлага” биелүүлэх, 3 дугаар зүйлийн 3.2-д “бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах, бусдыг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, доромжлохыг цээрлэнэ”, 3.5-д ”Чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны дэг зөрчиж хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хуралдаанд үг хэлэх, байр сууриа илэрхийлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдын нэр төр, алдар хүндийг гутаах, доромжлохыг хориглоно.”, 3.17-д ”Төрийн ёслол, хүндэтгэлийн болон Төрийн ордны дэг журмыг чанд баримтлахаас гадна Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны танхимд биеэ зөв авч явах үүрэгтэй ба бусдыг ялгаварлан гадуурхах, зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн талаар дээрх албан бичгээр ирүүлсэн гомдолдоо дурджээ.
Дээрх асуудалтай холбогдуулан “Цахиур.мн” сайтын редакцаас 2025 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 2025/43 тоот албан бичгээр нийтийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн мэдэх эрхийг хангах, мөн хяналтын үүргийн хүрээнд Ж.Чинбүрэн сайдын ёс зүйгүй үйлдлийг шалгаж, хариуцлага тооцуулах хүсэлт ирүүлсэн аж.
Эдгээр гомдол, хүсэлтийн дагуу Ёс зүйн дэд хорооны даргаас “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг Байнгын хорооны дарга хүлээн авч Байнгын хорооны аль нэг гишүүнд хянуулахаар шилжүүлнэ” гэж заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ч.Номин, Д.Энхтуяа нарт хянуулахаар хүргүүлсэн байна.
Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Саранчулуун ахлан ажилласан бөгөөд тус ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Номин уншиж танилцуулсан юм.
Уг асуудлаар дээр нэр дурдсан гишүүд “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 10 дугаар зүйлийн 10.4.1 дэх заалтын дагуу 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Ж.Чинбүрэн, Г.Лувсанжамц нартай тус бүр биечлэн уулзаж, тайлбар, саналыг сонссон гэв.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа өгсөн тайлбартаа: 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороогоор “эмч, багш нарын цалин нэмэх” асуудлыг хэлэлцэх үеэр би асуулт асуухад Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Байнгын хорооны хуралдааны дэг, ёс зүйг зөрчиж, намайг сүрдүүлсэн үйлдэл гаргасан. Энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан, цаашид Засгийн газрын үйл ажиллагаа, салбарын асуудлаар үг хэлэх, асуулт асуух эрхэд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзэж байна. Мөн энэ үйлдлийнхээ талаар тэрээр дараа нь хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээнд “би хохь нь гэж хэлээгүй”, “зүгээр л чанга ярьсан” гэх мэт бодит бус мэдэгдэл хийж, “хулгайчид айж байна” гэх ёс зүйгүй үг хэлсэн тул олон нийтийн өмнө уучлалт гуйх ёстой гэж үзэж байна хэмээжээ.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өгсөн тайлбартаа: ”Хувь хүнийхээ хувьд бүлгийнхээ чат групп дээр уучлалт гуйсан бөгөөд УИХ-ын гишүүний хувьд ардчиллын мэтгэлцээний зарчмаар ярьсан. Эрүүл мэндийн даатгалын сангийн ноцтой асуудлын талаар бухимдан чанга дуугаар ярьснаа хүлээн зөвшөөрч байна. “Хохь чинь шүү, аятайхан байгаарай” гэж хэлсэн нь Д.Ганмаа гишүүнд бус, Г.Лувсанжамц гишүүнд хандаж хэлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Ганмаа буруу ойлгосон байна. Бухимдан ярьсандаа уучлал илэрхийлсэн бөгөөд уг асуудлыг олон нийтэд дэлгэх нь парламентын нэр хүндэд сөрөг нөлөөтэй гэж үзэж байна” гэсэн тайлбарыг тус тус өгчээ.
Мөн УИХ-ын гишүүн Д.Ганмаа уг гомдлыг шийдвэрлэхдээ УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Ж.Галбадрах нараас гэрчийн мэдүүлэг авах, холбогдох Байнгын хорооны хуралдааны бичлэгийг хуулбарлан авах зэрэг хуульд заасан холбогдох нотлох ажиллагааг явуулах, өөрийн биеэр оролцож тайлбар хариу өгөх эрхийг хангаж ажиллахыг хүссэн хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас гэрчийн мэдүүлэг авсан гэж УИХ-ын гишүүн Ч.Номин танилцуулав.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр Д.Ганмаа гишүүн эрүүл мэндийн салбарын мэргэжлийн зарчмын шаардлагуудыг тавьж байсан. Уг асуудалтай холбоотой асуулт хариулт дуусаад, миний хувьд үг хэлэхээр нэрээ өгчихсөн байсан. Тэгээд үгээ хэлээд сууж байтал Ж.Чинбүрэн сайд эсрэг талын ширээнээс тойрч ирээд Д.Ганмаа гишүүний цаад талд ирж суугаад юм ярьж байснаа Д.Ганмаа гишүүнд хандан “аятайхан байгаарай чи, хохь чинь шүү, юм хумаа уншаарай” гэж зандарсан өнгө аястайгаар хэлэх нь сонсогдсон. Эмэгтэй хүнтэй ингэж харьцаж байгаа нь зохисгүй гэж бодсон учраас үгээ хэлж дуусчхаад Ж.Чинбүрэн сайд дээр очоод “та одоо яагаад байгаа юм бэ, хурал үймүүлээд байгаа юм уу, эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм” гэсэн чинь “чи юу гээд байгаа юм гээд над руу бас зандарсан ч дараа нь тайвширч, Д.Ганмаа гишүүнтэй ярилцаж байгаад гарч явсан. Сайд тухайн үгийг надад зориулж хэлээгүй, Д.Ганмаа гишүүнд хандаж хэлсэн. Тухайн үг үйлдэл нь энгийн мэтгэлцээнээс давсан үйлдэл байсан гэж тайлбар өгсөн байна.
Иймд ажлын хэсэг дээрх асуудлыг судлан үзэж, “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.5-д “биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайлал үзүүлэх”, 2.2.1-д “гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн шаардлага” биелүүлэх, 3 дугаар зүйлийн 3.2-д “бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах, бусдыг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, доромжлохыг цээрлэнэ”, 3.5-д ”Чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны дэг зөрчиж хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хуралдаанд үг хэлэх, байр сууриа илэрхийлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдын нэр төр, алдар хүндийг гутаах, доромжлохыг хориглоно.”, 3.17-д ”Төрийн ёслол, хүндэтгэлийн болон Төрийн ордны дэг журмыг чанд баримтлахаас гадна Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны танхимд биеэ зөв авч явах үүрэгтэй ба бусдыг ялгаварлан гадуурхах, зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа тул Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-д заасны дагуу “уучлал гуйхыг үүрэг болгох” сахилгын хариуцлага ногдуулах нь зүйтэй гэсэн саналыг Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны хуралдаанд оруулж байна гэлээ.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Парламентын хэлэлцүүлгийн үед гишүүд янз бүрээр байр сууриа илэрхийлдэг. Энэ асуудлыг УИХ-ын гишүүдийн хоорондын маргаан юм байна гэж харсан. Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүний ёс зүйн код, ёс зүйн зарчим хөндөх гэж байгаа бол бид арай өөр тохиолдлыг яриад сууж байх ёстой. Өнөөдрийн асуудалтай холбогдуулан шийдвэр гаргах гэж байгаа бол ямар нэг санал өгөхөөс түдгэлзэж байгаагаа мэдэгдэж байна. Ж.Чинбүрэн гишүүн Д.Ганмаа гишүүнээс уучлалт гуйж цэцэг явуулсан юм билээ. Тэгэхээр гишүүд хоорондоо ойлголцсон гэж үзээд энэ асуудлыг хэлэлцэхгүй байх нь зүйтэй хэмээлээ.
Ёс зүйн дэд хорооны дарга Б.Баярбаатар, Парламентын гишүүд бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой. Мэтгэлцэх, хоорондоо үзэл бодол зөрөх зүйл байж болно. Гэхдээ доромж үг бие биедээ хэлэх нь ёс суртахуунд нийцэхгүй гэж боддог. Харин ёс зүйн асуудлыг улс төржүүлж болохгүй. Ер нь хоёр хүний хоорондын маргааныг дэд хороо руу татаж авчрахгүйгээр УИХ-ын гишүүний хувьд ухамсрын түвшиндээ асуудлаа шийдвэрлэх боломжтой гэж бодож байна гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Д.Ганмаа нар тайлбар хийж, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, О.Алтангэрэл, Ч.Номин нар байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн УИХ-ын гишүүн Д.Ганмаагаас уучлал хүсч байгаагаа албан бичгээр явуулахаар тогтож, хэлэлцүүлэг өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
