Дэлхий нийтээр..
Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилж, 2026 оны арваннэгдүгээр сард зорчигчдоо тээвэрлэнэ
Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй.
Дүүжин замын тээвэр нь нийт 4.2 км урттай, хоёр буудалтай. Нийт 19 тулгуур баганатай бөгөөд өнөөдөр хамгийн урт буюу 42 метр өндөр 14 дэх тулгуур баганыг суурилууллаа. Дүүжин замын тээврийн нийт барилга угсралтын ажил 48 хувьтай үргэлжилж байгаа юм. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан төслийн талбайд ажиллалаа.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотод авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг олон төрөлжүүлэх төслийн нэг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр барьж буй дүүжин замын тээвэр төслийн байршилд ажиллаж байна. Төслийн хамгийн өндөр 42 метр цамхгийг өнөөдөр суурилуулж байна. Ирэх оны зургаадугаар сард бүх цамхагт дүүжин тээврийн ган татлагат тросс татах, сүвлэх ажил, наймдугаар сард кабины угсралтыг хийгээд, арваннэгдүгээр сард буюу одоогоос нэг жилийн дараа нийтийн тээврийн төрөл болж, зорчигчдоо тээвэрлэж эхэлнэ. Яармаг, Нэгдүгээр хорооллыг холбосон нийтийн тээврийн шугам байдаггүй. Оргил ачааллын үед Яармаг, Нисэхээс төв рүү чиглэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн 90 орчим мянга байна. Дүүжин замын тээвэр нь цагт 2400 орчим зорчигч тээвэрлэж, хөдөлгөөний ачааллыг хуваалцана. Мөн дүүжин замын тээвэр нь Энхтайваны өргөн чөлөө дагуух метроны чиглэл, Наадамчдын өргөн чөлөө дагуух трамвайны шугамтай холбогдоно.
Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ. Дүүжин тээврийн ашиглалтыг хариуцах аж ахуйн нэгжийг тусад нь байгуулна. Мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж бэлтгэнэ. Дүүжин замын тээврийн хоёрдугаар шугамыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй боловч нийтийн тээвэр төдийлөн явдаггүй чиглэл болох Маршаллын гүүрний зүүн хойноос буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруунаас И-Мартад нэг буудалтай, Шангри-Ла төвийн баруун тал хүртэл явуулахаар ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа.
Франц улсын нэн хөнгөлөлттэй зээл нь 0.0076 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай буюу хүү маш багатай. Тиймээс төслийн үр өгөөжийг хамгийн өндөр түвшинд байлгахыг зорьж ажиллаж байна. Дүүжин замын тээврийг нийтийн тээврийн төрлөөр хүлээн зөвшөөрсөн улсууд байдаг. Манай улсын хувьд нийтийн тээврийн нэг төрөл болгож хөгжүүлэх хуулийн төслийг боловсруулж байгаа” гэдгийг тодотгов.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын мега 18 төслөөс 11 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд долоон төслийг хэрэгжүүлэх бэлтгэл хийгдсэн. Төр, хувийн хэвшлийн түншлэл, олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэг зэрэг олон төрлийн санхүүжилтээр төслийг хэрэгжүүлж буй онцлогтой.
Харин дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлэгч Францын “Пома групп” барилга угсралт, механик угсралтын ажилд монголын үндэсний компани “Моннис инженеринг” ХХК-тай хамтарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар “Пома групп” нь олон улсад дүүжин замын тээвэр, уулын спорт, аялал жуулчлал зэрэг чиглэлээр 35-40 төсөл зэрэг удирдан хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлснээр Яармаг–Хархорин чиглэлд зорчих урсгалын 18 хувь нь дүүжин замын тээврээр үйлчлүүлэх боломж бүрдэх юм.




Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
-
Хэн юу хэлэв...2020/08/09
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн олон улсын COVID-19 ба уур амьсгалын өөрчлөлт сэдэвт ви...
-
Тод зураг2021/02/14
Хөл хорионы үед УОК, НОК-ын шийдвэрийг биелүүлж байгаа иргэддээ баярлалаа
-
Үйл явдал2020/09/18
БНХАУ-д суралцдаг оюутнуудын анхааралд
-
Үйл явдал2022/09/29
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
