Дэлхий нийтээр..
УИХ-ын дарга Н.Учрал тэтгэврийн зээлийн хугацааг сунгах асуудлаар Монголбанк, арилжааны банкуудын удирдлагуудтай санал солилцов
Улсын Их Хурлын дарга Н.Учрал, сүүлийн саруудад тэтгэврийн орлого барьцаалсан зээлтэй холбоотой өргөдөл, саналууд Улсын Их Хурлын нийтийн өргөдөл гомдлын petition.parliament.mn цахим системээр, мөн Өргөдлийн байнгын хороонд, гишүүдийн гар утсаар ирсээр байна. Улсын Их Хурал бол бага ард түмэн. Ард түмний засаглах эрхийг төлөөлөн хэрэгжүүлдэг байгууллага учраас эх орныхоо өнцөг булан бүрээс иргэд сонгогдсон гишүүдээрээ дамжуулж бодит саналуудаа илэрхийлнэ.
Улсын Их Хурал Төв банкны хараат бус байдалд халдах, бизнесийн зарчмаар үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкнуудын үйл ажиллагаанд оролцож, чиглэл өгөхгүй. Гэхдээ ард түмний төлөөллийг хэрэгжүүлж байгаа, төрийн эрх барих дээд байгууллагын тэргүүлж байгаагийн хувьд иргэдийнхээ санал, хүсэлтийг уламжилж, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдлүүдийг гаргахад анхаарч байна” гэлээ.
Улсын хэмжээнд 294.4 мянган ахмад тэтгэврийн зээл авсан талаарх баримтыг Н.Учрал дарга онцлоод, тэтгэврийн зээл авсан ахмадууд тэтгэврийн орлогынхоо 82.6 хувийг зээлийн төлбөрт суутгуулан, үлдсэн 17 хувийн орлогоороо хүнс, эм тариа, бусад хэрэгцээгээ хангахад зарцуулж байгаа талаарх тооцооллыг дэлгэрэнгүй танилцуулав.
Өргөдлийн байнгын хороо энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаараа тэтгэврийн зээлийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд тэтгэврийн зээл нь харьцангуй эрсдэл багатай атал Монголбанкнаас тэтгэврийн зээлийн эрсдэлийн жинг бусад төрлийн зээлтэй ижил 150 хувь болгон тогтоосон шалтгааныг тодрууллаа. Үүний зэрэгцээ Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ойрын хугацаанд товлосон хурлаараа тэтгэврийн зээлийн хүүг тогтоохдоо зээлийн эрсдэлийн нэмэгдлийг бодитоор тооцож, эрсдэл багатай зээлийн бүтээгдэхүүнээр тогтоон суурь хүүгийн түвшний орчимд зээл олгох боломжийг судлан шийдвэр гаргах боломж бий эсэхийг лавлав.
Төв банкны Мөнгөний бодлогын хорооноос энэ оны I, II улиралд гаргасан шийдвэрүүд, түүний мөрөөр хэрэгжиж буй зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Тэтгэвэр авч буй ахмад настан авсан тэтгэврийн зээлийнхээ төлбөрийг төлөөд, үлдэх мөнгөөрөө амьжиргааны баталгаажих түвшнийг хангах шаардлагатай хэмээн тухайн үеийн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тавьсан хүсэлтийн дагуу Мөнгөний бодлогын хороо тус шийдвэрүүдийг гаргасан байна. Энэ оны зургадугаар сард тус яамнаас өмнөх хүсэлтээ цуцлах хүсэлт тавьсны дагуу шийдвэр гаргаснаар өр, орлогын харьцаа 83 хувь болжээ. Тодруулбал, ахмад настан 100 мянган төгрөгийн зээл авсан тохиолдолд зээлийнхээ төлбөрт 83 мянган төгрөг төлөөд, үлдсэн 17 мянган төгрөгөөрөө амьжиргааны зардлаа төлөх нөхцөл үүссэн хэмээн Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван тайлбарлав. Энэ асуудлаар Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос, гишүүдээс ирүүлсэн саналуудыг судалж, энэ төрлийн зээлийн эрсдэлийн жинг 2023, 2024 оны хэмжээнд бууруулах тохиолдолд зээлийн хүү 0.5 хувиар буурах боломжтой хэмээн тооцжээ. Арилжааны банкуудаас олгож буй тэтгэврийн зээлийн хүү өнөөдрийн байдлаар 17.8 хувь байгаа нь 17.8 хувьд хүрч буурах аж. Энэ төрлийн зээлийн хүүг ийнхүү 0.5 хувиар буурах нь арилжааны банкуудад эрсдэл нэмэх учир Төв банк, холбогдох талуудтай нарийвчилсан тооцоо, судалгааг хийж байгаа гэлээ.
Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр нар тус бүр тэтгэврийн зээл олгож буй нөхцөл байдлын талаар, Төв банкнаас гаргасан шийдвэрүүдийн үр нөлөөний талаар мэдээлэл танилцуулсан. Үүний зэрэгцээ тэтгэвэр авдаг ахмад настнуудад тохирсон бусад төрлийн зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох талаар судалж байгаа гэв.
Ийнхүү уулзалтаар эхний ээлжинд 18 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн хугацааг сунгах замаар сар бүрийн зээлийн төлбөрийг бууруулах боломжийг судлах талаар санал солилцож, ойрын хугацаанд холбогдох шийдлийг боловсруулан, арга хэмжээ авах боломжтой хэмээн ярилцлаа. Монголбанк арван хоёрдугаар сарын 11-ний өдөр Мөнгөний бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.
Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.
АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.
Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.
Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Дэлхий нийтээр..
Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв
Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.
Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.
Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.
Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.
Дэлхий нийтээр..
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
-
Үйл явдал2020/12/18
“COVID-19”-ын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал /2020.12.18/
-
Үйл явдал2021/01/05
Улаанбаатарт өдөртөө 28 хэм хүйтэн
-
Дэлхий нийтээр..2025/12/30
Шинэ жилийн баяраар цаг агаар ямар байх вэ?
-
Дэлхий нийтээр..2023/09/25
Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүй гэдгийг хэлэ...
