Дэлхий нийтээр..
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын төлөөлөл төрийн үйлчилгээний хүртээмж, орон нутагт чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлууд, бүтээн байгуулалтын төслүүдийн явц болон иргэдийн амьдралд тулгарч буй асуудлуудыг бодитоор тодорхойлж, шийдлийг шуурхай хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм. Нийт эдийн засгийн 85 хувь нь уламжлалт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд суурилдаг Архангай аймгийн иргэдтэй УИХ-ын дарга тэргүүтэй гишүүд, сайд нар өнөөдөр (2026.01.31) уулзаж, “Чөлөөлье” санаачилга болон хөдөөгийн хөгжлийг дэмжсэн бодлого, үйл ажиллагаанаас танилцууллаа. Өнгөрсөн оны байдлаар тус аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 24 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. УИХ-ын дарга Н.Учрал, энэ оны төсвийг батлахдаа хийсвэр төсөөллөөс илүү бодит тоонуудад үндэслэж, татвар төлөгчдийн ачаа дарамтыг бууруулж, төрийн бүтэц, оролцоог хумиснаар эмч, багш нарын цалинг үе шаттайгаар нэмэх, цаашлаад татварын реформыг хэрэгжүүлэх орон зайг гаргасныг онцлов. Бүх шатны төсвийн захиран зарцуулагчид нэгдмэл байр суурьнаас сахилга бат, хариуцлагатай ажиллах ёстойг мөн хэллээ. Тэрбээр, “Чөлөөлье” санаачилга нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх, эрх чөлөөг тэгш, хүртээмжтэй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хөдөлмөрлөж байгаа хүн бүрт төр дарамт биш боломж өгдөг болохын төлөөх шинэчлэл гэж тодотгов.
Уг санаачилгын хүрээнд иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай Улсын Их Хурлыг тогтоолыг баталсан. Энэ тогтоолоор Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгч, тус бүрийнхээ чиг үүргийн хүрээнд авч хэрэгжүүлэх 16 багц арга хэмжээг тусгажээ. 2026 оны байдлаар 406 барааны үнэ өссөн нь инфляцын идэвхжил илүү өргөн хүрээг хамарч эхэлсэнтэй холбоотой. Эрэлтийн гаралтай үнийн өсөлтийг тогтворжуулж, иргэдийн бодит орлогыг хамгаалах ёстойг УИХ-ын дарга тодотгоод, өрхийн орлогын өсөлт нийслэл хотын хувьд ч, хөдөө орон нутгийн тухайд ч удаашраад байгааг тоон үзүүлэлтүүдийн хамт танилцуулав. УИХ-ын дарга үргэлжлүүлэн, ипотекийн зээлийн тогтолцоог сайжруулах замаар хүртээмжийг нь илүү нэмэгдүүлж, зорилтот бүлэгт чиглүүлэхийн тулд хийх ажлуудаа дурдав.
Түүнчлэн банкны салбарын реформыг эрчимжүүлж, зээлийн хүүг үе шаттай бууруулах, гадаадын банкнуудын салбаруудыг холбогдох хуулийн дагуу дотоодын зах зээлд нэвтрүүлэх, Төв банкны үйл ажиллагаанд хяналт шалгалтыг үргэлжлүүлэх ажлуудыг дурдлаа. Харин Санхүүгийн зохицуулах хорооны чиг үүргийн хүрээнд хуульд заагаагүй “зөвшөөрөл”, зөвшөөрөлтэй төстэй хүнд суртлыг бий болгосон зохицуулалтуудыг хүчингүй болгохыг даалгасан гэлээ. Энэ хүрээнд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ахуйн шинжтэй бизнесийн үйл ажиллагааг эхлүүлэхдээ зөвшөөрөл хүсэх бус мэдэгдэл илгээхэд хангалттай болно гэв. Орон нутаг эдийн засгийн хувьд бие дааж хөгжихийн тулд орлогын эх үүсвэрийг төрөлжүүлж, нэмэгдүүлэх нь чухал гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм. Тэрбээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төсвийн зарлагын хязгаарт багтаагүй төсөл, арга хэмжээнүүдийг аймаг, орон нутаг бие даан шийдвэрлэх эрхийг баталгаажуулж, сонгон шалгаруулалтын хугацааг 1-6 сар болгон багасгаж, үе шатыг нь цөөлсөн болохыг тодотгов. Иймд бүс нутгийн нөөц, боломжид тулгуурлан хөрөнгө оруулалт татах, төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх зорилтот арга хэмжээг зохион байгуулах хэрэгтэйг УИХ-ын дарга хэллээ. Цаашид төр өөрөө худалдан авагч болсон тогтолцоог халснаар, аль нэгэн төрийн өмчит компанид давуу эрх олгодог байдлыг зогсоож, төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлддөггүй, харин чиглүүлдэг байх эрх зүйн зохицуулалтыг “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэрэгжүүлнэ гэв. Мөн хаврын чуулганаар хэлэлцэх голреформууд дотор нийгмийн даатгалын шинэчлэл орж байгааг танилцуулав. Тэрбээр, шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоог шинэчлэх болсныг сануулаад, өөрийн ахалж боловсруулсан Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг үргэжлүүлэн хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаагаа хэллээ. Түүчнлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 378 хуульд хиймэл оюунд суурилсан дүн шинжилгээ хийхэд иргэний эдийн засгийн эрх чөлөөг шууд зөрчдөг 110 хууль байгаа бол хүндрэл үүсгэдэг 228 хууль байгааг тогтоожээ.
Хүний эрх, хүүхдийн эрхийн бүх хэлбэрийн зөрчлийг арилгаж, 2026 оныг үндэсний хэмжээнд хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх жил болгосон талаар дурдлаа. Бүх аймгуудад хүүхэд хамгаалах түр байруудыг ажиллуулж, орчин,үйлчилгээг жишиг, стандарттай болгоход манлайлж ажиллахаа илэрхийллээ. Архангай аймагт 2019 онд ашиглалтад орсон түр хамгаалах байр 3 орон тоотойгоор ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн оны байдлаар 54 хүүхэд, 7 насанд хүрэгч үйлчлүүлжээ. Газарзүйн байршлын онцлог, нар, салхины арвин нөөцдөө тулгуурлан сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь эрчим хүчний хараат байдлаас ангижрах шийдэл гэж УИХ-ын дарга тодортгов. Энэ хүрээнд 3х100 хөтөлбөрийг санаачилж, айл өрх, сум орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, төвийн шугамд холбох процессыг хялбаршуулах, ногоон хөгжлийг дэмжсэн төсөл, хөтөлбөрийг бодлогоор дэмжих зэрэг багц ажлууд багтжээ.
Түүнчлэн цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлж, цэнэглэх байгууламж бүхий иж бүрэнцогцолборуудыг 100 байршилд байгуулахаар төлөвлөсөн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга, малчдын эрх зүйн байдлыг дээшлүүлж, орлогыг нь төрөлжүүлэх зорилгоор “Нарлаг монголын малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо. Энэ хүрээнд мах, махан бүтээгдэхүүнээс гадна арьс шир, ноос ноолуур зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийг татваргүй экспортлох эрх зүйг бололцоог Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдааны түр хэлэлцээрээр баталгаажуулсан болохыг хэллээ. Төрийн бодлогын цөмд малчин зон олны эрх ашиг байх ёстойг тэмдэглээд, малчдад чиглэсэн хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг хянаж, хянан шалгах сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн юм.
Уулзалтын төгсгөлд, иргэдийн зүгээсхүүхэд хамгааллын төсвийг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыгэрчимжүүлэх, багийн сургуулиудын шинэчлэлд анхаарч, орон нутаг дахь газар олголттой холбоотой асуудлуудыг цэгцлэх талаар хөндлөө. Түүнчлэн салбар хоорондын уялдаа бага, хууль тогтоомж хоорондын нийцэл алдагдсаны улмаас ойлгомжгүй, тодорхой бус нөхцөлүүд үүсдэг талаар учирлаж байв. Эрдэнэбулган суманд нийт 14 зуух ажиллаж, агаарын бохирдол тулгамдсан асуудал болоод байгааг ч дэвшүүлж, “Чөлөөлье” санаачилгын зорилтот ажлуудыг дэмжиж байгаагаа илэрхийлцгээв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчныг цогцлоох, соёл урлагийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах саналуудыг л дурдлаа. Иргэдийн асуултад УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар болон орон нутгийн удирдлагууд хариулт өгсөн юм.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчныг цогцлоох, соёл урлагийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах, аймагт боловсруулах үйлдвэр байгуулах саналуудыг ч дурдлаа. Төрийн бодлогын цөмд малчин зон олны эрх ашиг байх ёстойг тэмдэглээд, малчдад чиглэсэн хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг хянан шалгах нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олоннийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Үйл явдал2020/12/16
Өнөөдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг
-
Дэлхий нийтээр..2024/06/19
Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийг түшиглэсэн “Оюутан цэрэг” сургалт э...
-
Дэлхий нийтээр..2025/02/25
Гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” болно
-
Үйл явдал2024/05/22
Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хоёр дахь шатны...
