Дэлхий нийтээр..
КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлыг (UNCCD COP17) наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд эх орондоо зохион байгуулна.
Тус хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо. Гэрээг Монголын талаас Талуудын 17 дугаар Бага хурлын байр, байгууламжийн дэд хороог ахлан ажиллаж буй нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, гүйцэтгэгч талаас “Жи Эл Эвентс” компанийн эрх бүхий төлөөлөгч Инэс Жинон нар үзэглэлээ. “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг НҮБ-ын шаардлага болон олон улсын стандартын дагуу нийлүүлж, угсарч ашиглалтад оруулах гүйцэтгэгчээр мэргэжлийн, туршлагатай компани болох “Жи Эл Эвентс” (GL Events) шалгарсан юм. “КОП17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн дарга Б.Идэр “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийн гүйцэтгэгчээр шалгарсан “Жи Эл Эвентс” компанитай байгуулах гэрээний төсөл боловсруулах, хэлцэл хийх ажлын хэсэгт оролцож, зургаан удаагийн уулзалт зохион байгуулсан.

“Жи Эл Эвентс” компани нь нийт 12 түр байр, байгууламжийг түрээсийн хэлбэрээр нийлүүлж, талбайд угсран ашиглалтад бэлтгэх ажлыг хийж гүйцэтгэнэ. Эдгээр байгууламжийг Талуудын бага хурлын нэгдсэн хуралдаан, албан ёсны хэлэлцээ, сайд нарын болон өндөр түвшний уулзалтууд, бүс нутгийн болон хороодын хуралдаанууд, зэрэгцээ арга хэмжээнүүд, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа, үзэсгэлэн, оролцогчдын хоол хүнс болон үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулахад ашиглана. Франц улсад төвтэй “Жи Эл Эвентс” компани нь дэлхийн олон улс оронд үйл ажиллагаа явуулдаг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын системийн томоохон арга хэмжээнүүдэд үндсэн болон туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлагатай. Тухайлбал, Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотод зохион байгуулагдсан Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 16 дугаар бага хурлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Талуудын 17 дугаар Бага хурал нь дэлхийн газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бодлого, шийдвэрийг хэлэлцдэг хамгийн өндөр түвшний олон улсын форум юм. Тус бага хуралд 196 орны Засгийн газрын албан ёсны төлөөлөгчид, байгаль орчин, хөдөө аж ахуй, ус, уур амьсгалын салбарын сайд нар болон өндөр түвшний бодлого боловсруулагчид, улс орнуудын төр, засгийн газрын тэргүүнүүд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагууд, олон улсын санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл өргөнөөр оролцоно. Үүнээс гадна эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, их, дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, залуучуудын сүлжээ, эмэгтэйчүүдийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид, мөн дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүд хүрэлцэн ирэх бөгөөд 8,000–10,000 орчим зочид, төлөөлөгчдийг хүлээн авах төлөвтэй байна.
Ингэснээр КОП17 хурал нь зөвхөн Засгийн газруудын хэлэлцээ төдийгүй шинжлэх ухаан, бодлого, бизнес, иргэний нийгмийн хамтын оролцоонд суурилсан дэлхийн хэмжээний олон талт платформ болж, газрын доройтол, бэлчээрийн тогтвортой менежмент, усны нөөцийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд суурилсан шийдлүүдийг хэлэлцэх өргөн цар хүрээтэй, цогц арга хэмжээ болох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
