Дэлхий нийтээр..
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ 2026 онд дараах ажлуудыг хийхээр төлөвлөлөө.
- Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 байршилд 15.2 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна. Мөн он дамжин хэрэгжих гурван байршилд 3.9 км шугам сүлжээний угсралтын ажил хийнэ.
- Улаанбаатар хотын ус тогтдог, нэн шаардлагатай засварлах ажлын хүрээнд Наадамчдын замын борооны ус зайлуулах 1.2 км шугамыг өргөтгөн шинэчилнэ.
- Хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ажлын хүрээнд хоёр байршилд буюу Сэлбэ дэд төв, Шархад дэд төвийн 7.2 км шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэнэ.
- СБД 13, 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах 21.7 га мандлын талбайг хамарсан 1.3 сая шоо метр ус хуримтлуулах багтаамжтай таван шатлалт усан сангийн ажлын барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ.
Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот нийтийн аж ахуйг тохижуулах ажлын урсгал зардлаар
- Есөн байршилд халиа тошин багасгах, 28 байршилд 48000 шоо метр лаг, хагшаасыг цэвэрлэж, үерийн сувгийн хэвийн ажиллагааг хангаж ажиллана.
- Нийслэлийн зургаан дүүргийн автозамын борооны болон хөрсний ус зайлуулах 217км шугам сүлжээний 4034 шүүрт худаг, 4171 үзлэгийн худгийн лаг цэвэрлэгээний ажлыг хийнэ.
- Үерийн хамгаалалтын сувгийн засвар нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд СХД 20 дугаар хороо Нарангийн үерийн хамгаалалтын сувгийг Туул гол руу холбох, ХУД-ийн 12 дугаар хороо Нисэхийн сувгийг автозамын ус гаргуурт холбох, автозамын ус гаргуурыг өргөтгөн шинэчлэх, Жаргалантын амны үерийн сувгийн барилга угсралтын ажлыг бүрэн дуусгах зэрэг нийт гурван байршилд 1.1 км үерийн суваг барихаар төлөвлөсөн байна.
- СХД 20 дугаар хороо Нарангийн үерийн хамгаалалтын 22 метр өргөн үерийн суваг авто зам өнгөрөөд задгайрч, лаг хагшаасаар дүүрч дарагдсан тул тус байршилд үерийн хамгаалалтын суваг барьж, Туул гол руу холбох ажлыг хийж гүйцэтгэнэ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
