Дэлхий нийтээр..
Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа
УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдав.
Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ахлан ажиллаж байгаа билээ.
Ажлын хэсгийн гишүүд хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцоот үйлчилгээний тухай мэдээлэл солилцох уулзалтыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эрүүл мэндийн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны, Боловсролын, Зам, тээврийн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын, Хууль зүй, дотоод хэргийн, Сангийн яамдад зохион байгуулсан гэдгийг хуралдааны эхэнд ажлын хэсгийн ахлагч О.Саранчулуун мэдээлэв.
Тодруулбал, Зам, тээврийн яаманд болсон уулзалтын үеэр жолооны курс, хөнгөлөлттэй ваучер, сонголтот хүртээмжтэй нийтийн тээвэр, таксийн үйлчилгээний талаар хөндсөн бол Хууль зүй, дотоод хэргийн яаманд болсон уулзалтын үеэр хуулийн давхардал, хийдэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүргэх үйлчилгээний талаар хөнджээ.
Түүнчлэн гадаад харилцааны яамаар дамжуулан 27 улсын эрх зүйн орчны сайн туршлагыг судалсан байна.
Энэ талаар судлаач Д.Тулгамаа танилцуулсан. 27 улсын эрх зүйн орчныг судлахдаа хамрах хүрээг хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настан, бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд хэмээн тодорхойлж, барилга болон тээврийн байгууламж, нийтийн зам талбай, туслах технологи, дэмжих үйлчилгээ, квот болон дижитал хүртээмж гэсэн үзүүлэлтүүдээр авч үзжээ. Түүнчлэн хууль, стандарт, орон нутгийн журам зэрэг зохицуулалт, татаас, татварын хөнгөлөлт, хөнгөлөлттэй зээлийг хэрхэн үзүүлдэг талаар нарийвчлан судалжээ.
Ажлын хэсгийн төлөвлөгөөнд тусгасны дагуу холбогдох төрийн байгууллага, хууль хяналтын байгууллагуудаас ирүүлсэн тоо мэдээлэл, тайланд үндэслэн санал, дүгнэлтээ нэгтгэж, Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцоот үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулах юм байна.
Хуулийн төслийн талаар мэдээлэл солилцох уулзалтуудыг ирэх сард зохион байгуулах бөгөөд энэ талаар холбогдох яамдын төлөөлөлтэй санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2021/11/23
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж. Батбаясгалан JEIL MACHINERY ХХК-ийн удирдлагуудтай уу...
-
Үйл явдал2026/09/02
Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаа...
-
Үйл явдал2021/02/23
БНХАУ-аас КОВИД-19 халдварт цар тахлын эсрэг вакцин хүлээн авав
-
Үйл явдал2025/05/01
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
