Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 26-ны өдөр Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2026 оны тавдугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 12-17 хэм, говь, талын нутаг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Үдээс хойшдоо бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 20-22 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 18-20 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 17-19 хэм дулаан байна.
2026 оны тавдугаар сарын 27-ноос
2026 оны тавдугаар сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 27-нд говь, талын нутгаар, 30-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 27-нд нутгийн баруун хэсгээр, 28, 29-нд ихэнх нутгаар дулаарч, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 27-нд нутгийн зүүн хагаст, 30-нд нутгийн баруун хагаст сэрүүхэн байна.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Үйл явдал2022/11/25
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Дэлхий нийтээр..2025/02/07
Нэгдүгээр хороололд агаар маш их бохирдолтой байна
-
Хэн юу хэлэв...2022/01/18
Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхи...
-
Дэлхий нийтээр..2023/09/12
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламтай уулзл...
