Үйл явдал
Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна
Багш, сурагчдын ачааллыг бууруулж, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн дүүрэг бүрд “Хотхоны бага сургууль”, “Төрөлжсөн ахлах сургууль” байгуулах ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд 2026 оны зургаадугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар нийслэлийн ерөнхий боловсролын "Оюуны Ундраа" сургуульд ажиллалаа.

Энэ үеэр Хотын дарга Б.Пүрэвдагва “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудад нийт 412 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Үүнээс 3000-аас дээш сурагчтай, ачаалал өндөртэй 38 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бол нэг ангид 46-аас дээш сурагчтай 77 сургууль бий. Хотхон, хорооллын тоо нэмэгдэж байгаа ч сургуулийн хүртээмж хангалтгүй хэвээр байна. Тиймээс энэ асуудлыг түр зуурын арга хэмжээгээр бус, бага болон ахлах сургуулийн зохион байгуулалтыг шинэчлэх замаар системтэй шийдвэрлэнэ.
"Оюуны Ундраа" сургууль нь нийслэлийн ачаалал өндөртэй сургуулиудын нэг буюу өнөөдрийн байдлаар 4700 гаруй хүүхэд суралцаж байна. Ирэх хичээлийн жилээс тус сургуулийн бүтцэд өөрчлөлт оруулж, дэргэдэх хүүхдийн тоо нь цөөрсөн цэцэрлэгийн байрыг бага сургуулийн зориулалтаар ашиглана. Харин одоогийн сургуулийн байрыг төрөлжсөн ахлах сургууль болгон зохион байгуулж, намраас сурагчдаа хүлээн авч эхэлнэ. “Хотхоны бага сургууль”, “Төрөлжсөн ахлах сургууль” байгуулах ажил тус сургуулиас эхэлж байна. Миний хувьд хүүхэд гэрээсээ хол, түгжрэл дунд сургуульдаа явах бус, боловсролын үйлчилгээ хүүхдийн гэрт ойр байх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байна” гэлээ.
Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх энэхүү шинэчлэл нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлогын нэг хэсэг юм. Сургууль, цэцэрлэгийг хүүхдийн амьдарч буй орчинд ойр байгуулснаар сурагчид хол зайд зорчих шаардлагагүй болж, өглөө, оройн оргил цагийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой.





Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Үйл явдал2020/03/02
Сэрэмжлүүлэг: Улсын байцаагчийн нэрээр луйвар хийхийг завдав
-
Дэлхий нийтээр..2024/02/26
УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залу...
-
Дэлхий нийтээр..2022/12/16
“Монгол Улс, БНХАУ-ын Хилийн гэрээ-60 жил” сэдэвт эрдэм шинжилгээний...
-
Дэлхий нийтээр..2022/03/14
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
