Үйл явдал
Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Прокурорын байгууллага 2026 оны эхний 6 сарын байдлаар мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон 171 хүнд холбогдох 117 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Нийслэл прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 6 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд 3 хүнд холбогдох 2 хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж, шүүхээс 3 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2-10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.
Хэргийг тоймлон хүргэвэл
- Г.Э (42 настай, эрэгтэй), Э.А (40 настай, эрэгтэй) нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын I жагсаалтад багтсан, делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2025 оны 6 сард АНУ-аас захиалж, шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 -т (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Г.Э, Э.А нарыг бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.Э-д 7 жилийн хорих ял, Э.А-д 10 жилийн хорих ял оногдуулсан.
- А.П (24 настай, эрэгтэй) нь 2025 оны 9 дүгээр сараас телеграмм аппликейшн ашиглаж бусадтай харилцан НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн I жагсаалтанд багтсан, мөн 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенц”-ийн I жагсаалтад багтсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисуудыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, өөрийн гэртээ болон биедээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс А.П-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисуудыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Хэн юу хэлэв...2020/08/20
Байнгын хорооны гишүүдэд боловсролын салбарын бодлого, төлөвлөлтийн талаар мэдээ...
-
Дэлхий нийтээр..2022/11/10
Цэцэрлэгийн хүртээмж багатай нутаг дэвсгэрт орон сууцны 1, 2-р давхарт цэцэрлэг ...
-
Тод зураг2025/01/23
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
-
Тод зураг2019/12/13
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
