Үйл явдал
Монгол Улс болон ЕАЭЗХ түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хамтарсан мэдэгдэлд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр гарын үсэг зурсан билээ.
Тус хэлэлцээр 2026 оны долоодугаар сарын 22-ны өдрөөс буюу өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.
Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) нь ОХУ, Беларусь, Казахстан, Армени, Киргиз гэсэн таван улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага юм. Эдгээр улс нийлээд 180 сая гаруй хэрэглэгчтэй томоохон зах зээлийг бүрдүүлдэг.
ЕАЭЗХ-ны гишүүн улсууд 367 нэр төрлийн барааг гааль татварын тарифаас дөрвөн нөхцөлийн дагуу харилцан хөнгөлж, чөлөөлөх юм.
Манай улсаас экспортлох 367 бараа бүтээгдэхүүний 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байна. Мөн бэлэн хувцас, сүлжмэл эдлэл, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний импортын гаалийн тарифыг тэглэж, зарим бүтээгдэхүүний тарифыг 50 хувь хүртэл бууруулсан. Монголоос экспорт хийхэд төлдөг 15-50 хувийн татварыг тэглэснээр бизнес эрхлэгчид илүү өргөн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж нээгдэнэ. Экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, гурван жилийн хугацаанд 150 сая ам.долларын ашиг олох боломжтой гэсэн урьдчилсан тооцоолол бий.
Харин ОХУ, Беларусь, Казахстан, Армени, Киргиз гэсэн таван улсын эдийн засгийн нэгдэл болох ЕАЭЗХ-ноос импортлох 367 төрлийн барааны 81.7 хувийг Монголд үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал эрдэс, химийн салбарын, 7.5 хувь нь аж үйлдвэрийн, 10.8 хувь хүнсний салбарын бүтээгдэхүүн байна. 222 аж үйлдвэрийн, 94 хүнсний, 51 эрдэс бүтээгдэхүүнд тарифын хөнгөлөлт үзүүлснээр Улаанбуудай, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн тэргүүт хүнс, химийн болон үйлдвэрийн барааг хямд үнээр Монголд нийлүүлнэ. Инфляцад нөлөөлдөг зарим гол нэрийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн тарифыг бууруулснаар дотоодын өрхийн хэрэглээний зардлыг бууруулах боломжтой болж байгаа юм. Манай аж үйлдвэрийн салбарын импорт огцом өсөх тооцоолол гараад байна.
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг гурван жилийн дараа цуцлах хүсэлт гаргаагүй тохиолдолд хүчин төгөлдөр үргэлжилнэ.
- Монгол Улсаас ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд руу хөнгөлөлттэй тарифаар экспортлох 367 барааны жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.
- Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
- Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: Эдийн засаг, xөгжлийн яам
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
