Үйл явдал
Шархад дэд төвд 338 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжиж байна
Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг нийслэлийн Баянхошуу, Шархад дэд төвүүдэд хэрэгжүүлж байна. Тус төсөл 60 гаруй га талбайг хамрах бөгөөд нийт 5000 айлын орон сууцыг хоёр үе шаттайгаар барихаар төлөвлөжээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Шархад дэд төвд хэрэгжиж буй ногоон орон сууцны төслийн талбайд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр ажиллалаа.
Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй энэхүү төслийн хүрээнд Шархад дэд төвд нийт гурван га талбайд 338 айлын ногоон орон сууц бүхий эко хороолол байгуулж, гэр хорооллын бүсийг орон сууцжуулах юм. Төслийн нийт орон сууцны 10 хувьд тусгай хэрэгцээт иргэдийг хамруулахаар төлөвлөсөн байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Шархад дэд төвд баригдаж буй эхний ээлжийн дөрвөн блок, 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил бүрэн дуусаж, 2026 оны долоодугаар сарын 3-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн. Төслийн хоёрдугаар ээлжийн зургаан блок, 228 айлын ногоон орон сууцны барилга угсралт 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээр орон сууц хамгийн орчин үеийн EDGE стандартаар баригдаж байгаагаараа онцлогтой. Төслийн явцад тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэнэ” гэв.
Тэрбээр мөн ногоон орон сууцны төсөл амжилттай хэрэгжсэнээр гэр хорооллын 8000 өрхийн яндан, 5000 айлын нүхэн жорлонг цэгцлэх ач холбогдолтойг онцоллоо. Түүнчлэн орон сууцны айл бүрд дулааны тоолуур суурилуулах бөгөөд ингэснээр дулааны хэрэглээг багасгаж, эрчим хүч хэмнэх давуу талтай аж.
Шархад дэд төвийн хүрээнд баригдаж буй орон сууц, худалдаа үйлчилгээний талбай нь олон улсын ногоон барилгын үнэлгээний EDGE системийн шаардлагыг хангаж, гэрчилгээ авчээ. Уг барилга нь бусад барилгатай харьцуулахад эрчим хүчийг 25 хувиар хэмнэх тооцоотой. Мөн усны хэмнэлт 20-25 хувь, барилгын материалд шингэсэн эрчим хүчний хэмнэлт 20-25 хувь байх юм.
Ингэснээр оршин суугчид ашиглалтын зардал багатай үл хөдлөх хөрөнгийн эзэд болно гэж үзэж байна.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Тод зураг2020/03/12
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
-
Дэлхий нийтээр..2025/11/25
Дулааны тавдугаар цахилгаан станц төсөлд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техноло...
-
Дэлхий нийтээр..2020/12/21
Ирэх лхагва гарагаас нийслэл хот бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт буцаж шилжинэ
-
Дэлхий нийтээр..2020/09/18
"Анна Каренина" УДЭТ-ын тайзнаа тавигдана
