Үйл явдал
ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа
Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ болно.
Энэхүү олон улсын хуралд Монгол Улсын цөлжилт, газрын доройтлын өнөөгийн төлөв байдлыг танилцуулах албан ёсны шинжлэх ухааны баримт бичиг болох “Монгол орны цөлжилтийн үндэсний тайлан” /атлас/-г шинэчлэн боловсруулсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцуулав.
Монгол орны цөлжилтийн үндэсний үнэлгээг 1989 оноос үе шаттай шинэчилж иржээ. Энэхүү атлас нь 1991-2025 оны мэдээ, мэдээлэлд тулгуурласан цөлжилт, газрын доройтлын 6 дахь удаагийн үндэсний хэмжээний үнэлгээ юм. Өмнөх бүртгэлд хамрагдаагүй усны хомсдол, биологийн олон янз байдлын доройтлын үзүүлэлтийг анх удаа хамруулжээ.
Үнэлгээний дүнгээр,
-Монгол орны жилийн дундаж агаарын температур 2.5 хэм нэмэгдсэн
-Нийт нутаг дэвсгэрийн 53.5 хувьд гангийн эрчимжилт нэмэгдсэн
-Нийт газар нутгийн 54.8 хувь нь ус, 34.3 хувь нь салхины элэгдэлд өртөх өндөр эрсдэлтэй
-Нутаг дэвсгэрийн 93.3 хувьд хөрсний чийг буурсан
-Ургамлын бүтээмж 22.3 хувьд буурсан, нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн гэх судалгаа гарчээ.
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Дэлхий нийтээр..2020/04/22
Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн орох, гарах зорчих хөдөлгөөнийг түр...
-
Дэлхий нийтээр..2021/07/22
“Нэмэх даатгал” нэрийн дор залилангийн шинж чанартай үйл ажиллагаа з...
-
Дэлхий нийтээр..2023/04/24
БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамт Монгол Улсад хүрэлцэн ирэв
-
Чөлөөт бүс2025/02/25
10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ
