Хэн юу хэлэв...
БГДЭМТ-ийн салбар хүүхдийн эмнэлгийн дарга Л. Дашиймаагийн мэдэгдэл
Миний бие хүүхэд, хүүхдийн бөөрний эмч мэргэжилтэй. Анагаах ухааны Доктор, клиникийн Профессор, хүүхдийн эмчийн тэргүүлэх зэрэгтэй. Эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил тасралтгүй ажиллаж байна.
Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт (Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв) ажиллаж байгаад БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар БГДЭМТ-ийн салбар Хүүхдийн эмнэлэгт ирж ажиллах санал тавьсны дагуу 2019 оны 12 дугаар сараас ирж ажилласан. Тухайн үед томуугийн дэгдэлт ихтэй, маш их ачаалалтай хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо 340 хүрч байсан үе.
Хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг ЭХЭМҮТ-ийн, дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлэхэд баримтлах журам, дүрмийг мөрдөн, мэргэжлийн хүрээнд шаардлага тавьж тус дүүргийнхээ эмнэлгийн хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулахаар хичээн ажилласаар байгаа билээ. Үүний дүнд олон ажил гүйцэтгэж, хүүхэд эмчлэх эмчилгээ үйлчилгээ, аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахисан орчин бүрдүүлж, ажиллагсдын ажиллах орчин болон өвчтөнүүдийн эмчлүүлэх орчинг сайжруулсан. Илүү сайжруулах зорилтын хүрээнд мэргэжлийн шаардлага, стандартад нийцүүлэн ажилласаар байна. Бидний ажиллаж буй орчин ирээдүй, хойч үе болсон бяцхан иргэдийн маань энх тунх байдлыг хариуцлагатай сахин ажиллах шаардлага үргэлж тулгарч байдаг тул цаашид ч хийхээр төлөвлөсөн олон ажил бий.
Гэсэн ч эдгээр зүй ёсны шинэчлэлтүүд, сайжруулалт шаардлагатай ажлууд зарим хүнд таалагдахгүй байх тохиолдол гардаг. Тухай бүрт зөвлөлдөж, сайжруулаад явдаг нь аль ч албан байгууллагын төлөвшилд байх шаардлагатай хэм, хэмжээ билээ.
Тусламж үйлчилгээнд удаа дараа алдаа, дутагдал гаргасан эмч өчигдөр телевизээр уйлаад ярьж суугааг харлаа. Мөн эмнэлэгт эмчлүүлж буй хүүхдүүдийн шинжилгээ авч шинжилдэг лабораторийн өрөөнд хууль бусаар нэвтэрсэн сувилагч маш хариуцлагагүй мэдэгдэл хийжээ. Дээрх хоёр ажилтан ажлын бус цагаар лабораторийн ажилтан тарсан үед лацтай лабораторийн өрөөний түлхүүрийг жижүүр түр амсхийх үед үүдэнд ажиллаж байсан туслах сувилагчаар авахуулан лацыг нь эвдэн орсон юм. Лабораторид байсан комьютерийг тодорхойгүй зорилгоор нээх гэж оролдсон зэрэг нь эмч, эрүүл мэндийн ажилтанд байж болшгүй бөгөөд эмчлүүлэгчдийн аюулгүй байдалд халдах гэж оролдсон үйлдэл юм. Олон хүүхдийн шинжилгээний дээж, хариу байгаа лабораторит хууль бусаар, нууцаар нэвтрэх нь тэдний аюулгүй байдалд ч заналхийлж байгаа ёс зүйн алдаа ч гэж үзэх үндэслэлтэй билээ. Энэ зохисгүй үйлдлийг Эрүүл мэндийн төвийн дотоод хяналт шалгаж, удирдлагын хурлаар авч хэлэлцэн байгууллагын дотоод журам зөрчсөн гэж үзээд журмын дагуу арга хэмжээ авсан бөгөөд тэднийг ажлаас халсан асуудал байхгүй. Тухайн ажилтнууд хурал дээр уг үйлдлээ зөрүүтэй тайлбарлаж байсныг нь хуралд байсан бүрэлдэхүүн сонссон.
Миний бие өнөөдрийг хүртэл салбарынхаа эмч мэргэжилтнүүдтэй ёс бусаар харилцаж байсан удаагүй. Эрүүл мэндийн салбарынхаа стандартыг чанд мөрдөж мөр зэрэгцэн ажиллаж яваа хамт олондоо хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ зохих ёсны шаардлага тавьсаар ирсэн. Хувь хүний төлөвшил, мэргэжлийн ёс зүйд маань хариуцлагатай байх, чадвартай байх, өөрийгөө үргэлж хөгжүүлэх шаардлага тавигддаг. Үеийн үед хамтран ажиллаж байсан удирдлагууд болон одоо хамтран ажиллаж байгаа удирдлагаас ч дээрх шаардлагуудыг хатуу тавьсаар ирсэн.
Бидэнд хийх ажил их байна. Ялангуяа КОВИД 19 халдвар дэлхий дахинд пандемик болж бүх эрүүл мэндийн ажилтнууд өндөр хариуцлагатай байх ёстой үе ирчхээд байна. Алхам бүхэн хариуцлага нэхэж байгаа энэ үед нэгэн дээвэр дор байгаа хэрнээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон хүүхдийн эрүүл мэндэд заналхийлсэн хариуцлагагүй, хуумгай мэдээлэл тарааж байгаад эмч хүний хувьд тун харамсалтай байна. Хэдий бидэнд дотоод асуудлууд өдөр тутам тулгардаг ч эдгээрийг аль болох шуурхай арга хэмжээ авч шийдвэрлэн ажилласаар ирсэн.
Яг одоо бид эмнэлэг дээрээ ”нярайн тасаг” байгуулах ажлыг ид өрнүүлж байгаа бөгөөд эмч, сувилагчдаа нярайн чиглэлээр ур чадварын сургалтад хамруулж байна. Дүүргийнхээ иргэдэд хүндрэлгүй, шуурхай үйлчлэх нярайн тасаг байгуулж нярайд үзүүлэх тусламж үйлчилгээнд анхааран бэлтгэл ажлууд хийгдэж байгаа цаг завгүй энэ үед бид тус бүрийн ажилдаа хариуцлагатай байх нь чухал байна.
Хүндэтгэсэн, БГДЭМТ-ийн салбар хүүхдийн эмнэлгийн дарга Л. Дашиймаа
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
