Хэн юу хэлэв...
Д.Оюунхорол: Хариуцлага сайжруулахыг УИХ-аасаа эхлэхээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан
Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол 2019 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд тойргийнхоо иргэд, сонгогчдод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, санал бодлыг нь сонсох уулзалтыг зохион байгууллаа. Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах болсон нийгмийн хэрэгцээ, шаардлагын талаар тайлбар мэдээллийг өгөв.

Мөн төслийг бүхэлд нь буюу Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой дөрвөн багц асуудлын 20 заалтыг дэлгэрэнгүй танилцууллаа.
Тухайлбал, Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой хэсгийн танилцуулгадаа “УИХ өөрөө хариуцлагатай байж, нийгэмд үлгэрлэх ёстой гэдэг шүүмж, шаардлагыг иргэд тавьдаг. Эл асуудлыг энэ удаагийн парламент чухалаар авч үзэж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зэрэг холбогдох хууль журамд өөрчлөлт оруулснаас гадна энэ удаагийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ч хариуцлага сайжруулахыг УИХ-аасаа эхлэхээр тусгасан.

Хуулийг 20 гишүүн бус 39-ээс дээш гишүүн баталдаг байхаар заалт төсөлд тусгалаа. Мөн ээлжит чуулганы хугацаанд 50 хоног хуралддаг байсан бол одоо 75-аас дээш хоног болгох гэж байна” хэмээн онцолж хэлэв.
Дараа нь иргэдийн асуултад хариулж, санал бодлыг нь сонслоо.
Иргэд, “Аливаа хууль бус асуудлыг илрүүлж гаргах хянан шалгах ажил манай улсад бүрэн устсан гэж үздэг, тийм учраас энэ асуудлыг Үндсэн хуульд заавал тусгая.
Хувийн компанитай, ашиг сонирхлын зөрчил гаргах хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлмээргүй байна.
Үндсэн хуулийг анх батлахдаа хариуцлагын тогтолцоог бага оруулсан. Үүнээс үүдэлтэйгээр өнөөдрийн замбараагүй байдал үүссэн. Өнөөдөр хэлэлцэн батлах гэж байгаа өөрчлөлтөөр хариуцлагын тогтолцоог хэр их сайжруулахаар тусгана, төдийчинээгээр үр дүн нь харагдана.

“Давхар дээл”-ийг бүрмөсөн хориглож, нэг ч хүн давхар алба хашдаггүйгээр зааж өгье.
Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэдэг заалтыг хэлэлцүүлгийн явцад хасах гээд байх шиг байна, ингэж болохгүй. Энэ заалтыг яг энэ хэвээр нь батлах хэрэгтэй.
Ерөнхийлөгчийг намаас дэвшүүлдгийг болиулмаар байна.
Их Хурлын хууль хэлэлцэх ирцийг өндөрсгөж, 60-70 хувьтай болгомоор байна. Гишүүдийг үр дүнгүй гадаад томилолтод болон орон нутагт ямар нэг бүтээн байгуулалтын нээлтэд явуулах зэрэг шаардлагагүй ажилд явуулж, төсвийг үрмээргүй байна.
Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль гаргаж, дүүргүүдийг орон нутгийн чанартай хот болгож, хороодыг дүүрэг болгомоор байна гэх зэрэг саналыг хэлэв.
Энэхүү уулзалтад 300 гаруй хүн оролцож, 16 хүн саналаа хэллээ.
Хэн юу хэлэв...
БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалав
Монгол дахь БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань өөрийн албан X (хуучнаар Twitter) цахим хуудсандаа Монгол, Хятадын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбэр, " Монголчуудын дунд “айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж зүйр үг байдаг бол, Хятадын тал “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалыг баримталж, хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоохыг зорьдог бөгөөд үндсэн агуулгаараа нийцдэг билээ. Энэхүү хэлэлцээр нь давуу талуудаа нөхөлцөж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд хүрэхэд чиглэсэн бөгөөд талуудын чин шударга хамтын ажиллагааны илэрхийлэл буюу нэг нь хожиж нөгөө нь хохирох тухай агуулаагүй болно. Хятад улс саяхан XV дахь таван жилийн төлөвлөгөөгөө баталж, гадаад улс оронд нээлттэй байх бодлогоо улам гүнзгийрүүлж, хөрш орнуудтай аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, гадаад худалдаа болон уялдаа холбоогоо улам нягтруулахаар зорьж байна.
Монголын хувьд Хятад хэмээх том зах зээл хаяа залган оршиж байна. Энэ оны эхний улиралд Монголын экспорт 60 хувиар өссөн нь Хятад руу чиглэсэн экспорт голлон нэмэгдсэнтэй холбоотой. Харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, хамтын ажиллагааны “бялууг” улам томруулж, хамтын хөгжлийг илүү хурднаар, илүү үр дүнтэйгээр бүтээцгээе." гэжээ.
Хэн юу хэлэв...
Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв
Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн санхүүгийн зах зээлүүд Ирантай холбоотой мөргөлдөөний нөлөө буурч эхэлсэнд итгэх хандлага ажиглагдаж байна. Олон улсын хөрөнгө оруулагчид зах зээлийн гол үзүүлэлтүүдийг ажиглахад дайны эхэн үеийн огцом савлагаа намжиж, ихэнх активууд өмнөх түвшиндээ дөхөж очсон нь анхаарал татаж байна.
Тухайлбал, дэлхийн томоохон индексүүд сэргэлт үзүүлж, зарим нь бараг дайны өмнөх түвшинд хүрээд байгаа бол хөрөнгө оруулагчид АНУ болон хөгжиж буй зах зээлүүдэд дахин анхаарал хандуулж эхэлжээ.
АНУ-ын хөрөнгийн зах зээл ч эерэг дохио үзүүлж, S&P 500 индекс түүхэн дээд түвшинд хүрч, өмнөх алдагдлаа нөхсөн байна. Зах зээл ийнхүү тайвширч эхэлсэн нь Ираны мөргөлдөөн намжих магадлал нэмэгдэж, дипломат яриа хэлэлцээ дахин эхэлж болзошгүй гэсэн хүлээлттэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Гэсэн ч эрчим хүчний зах зээлд болгоомжлол хэвээр байна. Газрын тос, байгалийн хийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа бөгөөд Ормузын хоолойн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байгаа нь эрсдэлийг хадгалж буйг анхааруулж байна.
Мөн хүүгийн түвшин, инфляцын дарамт бүрэн буураагүй, бондын зах зээлд тодорхойгүй байдал үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжтой хэвээр байлгаж байна.
Хэн юу хэлэв...
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдлууд гарч байна.
Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.
Элчин сайдын яамны зүгээс паспорт гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Иймд БНХАУ-аар зорчих Монгол Улсын иргэн Та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Элчин сайдын яамны зүгээс анхааруулж байна.
Иргэн Та БНХАУ-д зорчих үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хуудсаар холбогдоно уу.
ЭСЯ-ны шуурхай утас: +8617600787323, +86(10)65321203,
Цахим хаяг: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn
