Үйл явдал
ОХУ-аас иргэдээ татан авах ээлжит ажиллагааны бэлтгэл ажил хийгдэж байна
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, Эрхүү, Улаан-Үд, Кызыл хотууд дахь Ерөнхий консулын газрууд ОХУ-д оршин сууж буй иргэд, ялангуяа оюутан залуучуудыг бүсчлэн ээлж дараалан эх оронд нь хүргэх ажлыг холбогдох яам, байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа билээ.
Өмнө нь Батлан хамгаалах яамны захиалгаар ОХУ-ын цэргийн их, дээд сургуульд суралцагчдыг, түүнчлэн Эрхүү, Улаан-Үд хот дахь Ерөнхий консулын харьяа тойргийн хотуудад амьдарч, суралцаж буй иргэд, оюутнуудыг эх оронд нь хүлээн авсан бол энэ удаад ОХУ-ын Европ тивийн хэсэг дэх хотуудын иргэд, оюутнуудыг Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай захиалгат нислэгээр 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, Уралын нуруу дагуух, Баруун Сибирийн хотуудын иргэд, оюутнуудыг Хиагт-Алтанбулагийн хилийн боомтоор мөн оны 05 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд хэсэгчлэн хүлээн авахаар холбогдох яам, байгууллагууд хамтран ажиллаж байна.
2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар ОХУ-ын хэмжээнд эх орондоо буцах хүсэлт гаргасан 1000 орчим Монгол иргэд байгаа бөгөөд энэ удаагийн татан авалтаар тэдний 50 орчим хувь нь эх нутагтаа очих юм.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам энэ цаг мөчид 05 дугаар сарын 25-ны өдрийн шууд нислэг (онгоц нь 170 хүртэлх зорчигчийн суудалтай)-т бүртгэх иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргаж, Улсын Онцгой комисст хүргүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү жагсаалтад нэгдүгээрт, сургууль болон дотуур байрны эрүүл ахуй, халдвар тархалтын байдал нь хүндэрч Монгол оюутнуудыг нутагт нь буцаах боломж гарсан даруйд эх оронд нь хүргэх ажлыг зохион байгуулахыг Элчин сайдын яамнаас албан ёсоор хүссэн сургуулийн оюутнууд, хоёрдугаарт, тухайн хотод ганц хоёроороо сурдаг, өмнө нь нутаг буцах хүсэлтээ гаргасан оюутнууд, гуравдугаарт, бага насны хүүхэд болон жирэмсэн, архаг, суурь өвчтэй иргэд, дөрөвдүгээрт, аль болохоор эмэгтэй оюутнуудыг тус тус бүртгэж байгаа болно.
Бүртгэлд хамрагдах иргэдэд дээр дурдсан шалтгаанаас гадна нутаг буцахаар өмнө нь бүртгүүлсэн, тийзийн болон тусгаарлах байрны зардлыг төлсөн, коронавирусын шинжилгээ хийлгэж халдваргүй гэдгийг нотолсон лавлагаатай байх зэрэг нийтлэг шалгууруудыг тавьж байгаа бөгөөд шууд нислэгээр зорчих иргэдийн нэрсийн жагсаалтыг Улсын Онцгой комисс эцэслэх юм.
Улсын Онцгой комисс Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, Ерөнхий консулын газруудтай хамтран хийж буй энэхүү ажиллагаа цаашид үе шаттайгаар үргэлжилнэ.
Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яам
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Үйл явдал2024/09/20
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2021/11/03
Гэр хорооллын эмийн сангуудад эм хангамж, үнийн судалгаа хийж байна
-
Дэлхий нийтээр..2023/11/06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийх төрийн ай...
-
Хэн юу хэлэв...2020/09/21
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд ШУТИС-ийн &l...
