Үйл явдал
Захиалгат нислэгээр Энэтхэг Улсаас 219 ламхайг эх оронд нь авч ирнэ
Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Даваа гарагт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргав.
БНЭУ-ын Каранатака мужид байдаг Гоман, Сэра, Жүме гэсэн гурван дацанд шашны чиглэлээр сурч, амьдарч буй нийт 597 монгол иргэн байна. Үүний 357 нь 10-18 хүртэлх насны хүүхэд аж. Тэдгээрээс 219 хүүхдийнх нь эцэг, эх, асран хамгаалагч болон Гоман дацангийн удирдлагуудаас хүсэлт тавьсны дагуу хүүхдүүдийг эх оронд нь авч ирэхээр шийдвэрлэж, зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд үүрэг болголоо.
Хүүхдүүдийн амьдарч буй хийдээс 6 километрийн зайд Ковид19 вурусын хоёр тохиолдол илэрсэн нь тэдний нөхцөл байдлыг эрсдэлтэй болгосон учир чартер нислэг гарган хүүхдүүдийг эх оронд нь татан авч ирүүлэхийг хүссэн байна. Эх орондоо ирэх хүсэлтэй 219 хүүхдийн 70 хувь нь Архангай, Баянхонгор, Завхан, Төв, Хэнтий, Увс зэрэг аймгуудаас ирсэн орон нутгийн хүүхдүүд аж. Эцэг эхчүүд нислэгийн зардлыг төлөх ч тусгаарлалтын төлбөрийг төлөх боломжгүй учир дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраас хүсчээ.
Иймд тусгаарлах зардалд шаардагдах 229.9 сая төгрөгийг Хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрөөс санхүүжүүлж, насанд хүрэгчдийн адил хорио цээрийн шаардлага хангасан тусгаарлах байранд байрлуулж, нийгэм сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлэх ажлыг УОК-ын ШШ-тай хамтран зохион байгуулахыг ХНХ-ын сайдад даалгав.
Үйл явдал
АНУ-д гэр бүлийн маргаантай холбоотой буудалцаанд найман хүүхэд амиа алджээ
АНУ-ын Луизиана мужийн Шривпорт хотод гарсан буудалцааны улмаас найман хүүхэд амиа алдсан талаар цагдаагийн байгууллага мэдээллээ.
Албаныхны мэдээлснээр 31 настай этгээд эхлээд нэг эмэгтэйг буудаж, улмаар ойролцоох байшинд байсан хүүхдүүдийг буудан хөнөөсөн байна. Амиа алдсан хүүхдүүдийн долоо нь түүний өөрийнх нь хүүхдүүд байсан бөгөөд нас нь ойролцоогоор 1–12 хооронд байжээ. Эмгэнэлт үйл явдал орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны орой болсон байна.
Хэрэг явдлын үеэр хоёр эмэгтэй хүнд шархадсан бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа талаар албаныхан тодотгов. Сэжигтэн хэрэг үйлдсэний дараа автомашин дээрэмдэн зугтсан ч цагдаагийн мөрдлөгийн явцад буудуулж амиа алджээ.
Цагдаагийн байгууллага уг хэргийг гэр бүлийн маргаантай холбоотой, “дотоодын шинжтэй” хэрэг гэж үзэж байгаа бөгөөд шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Үйл явдал
Ойрхи Дорнодын нөхцөл байдал тогтворжихгүй хэвээр
2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Ойрхи Дорнодын бүс нутагт аюулгүй байдлын нөхцөл байдал тогтворжихгүй, зэвсэгт мөргөлдөөн, геополитикийн хурцадмал байдал үргэлжилсээр байна.
Израиль–Ливаны хил орчимд зөрчил намжаагүй бөгөөд харилцан довтолгоо, цэргийн шинжтэй үйл явдлууд тасралтгүй бүртгэгдэж буйг олон улсын байгууллагууд мэдээллээ. Үүний улмаас энгийн иргэдийн аюулгүй байдалд эрсдэл үүсэж, шилжилт хөдөлгөөн нэмэгдэх хандлага ажиглагдаж буйг онцоллоо.
Үүний зэрэгцээ АНУ болон Ираны хоорондын харилцаа хурц хэвээр байгаа бөгөөд бүс нутагт цэргийн бэлэн байдал нэмэгдэж, стратегийн ач холбогдол бүхий бүсүүдэд, ялангуяа далайн тээврийн урсгалд тодорхой бус байдал үүссэнийг шинжээчид анхааруулав. Энэ нь дэлхийн эрчим хүчний зах зээлд нөлөөлөх эрсдэл дагуулж буйг мөн дурдлаа.
Сирид АНУ цэргийн оролцоогоо дуусгасны дараа тус улсын эрх баригчид өмнө нь ашиглагдаж байсан цэргийн баазуудыг бүрэн хяналтдаа авснаа мэдэгдэв. Үүнийг бүс нутгийн хүчний харьцаанд тодорхой өөрчлөлт авчрах магадлалтай хэмээн шинжээчид үзэж байна.
Нөгөөтэйгүүр, НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэг зөрчлийг намжаах, гал зогсоох хэлэлцээр байгуулахыг уриалж, дипломат шугамаар яриа хэлэлцээг идэвхжүүлэх шаардлагатайг онцоллоо. Гэвч бодит ахиц хараахан гараагүй хэвээр байна.
Эдгээр үйл явдлын нөлөөгөөр дэлхийн зах зээлд тодорхой бус байдал нэмэгдэж, газрын тосны үнэ хэлбэлзэхийн зэрэгцээ хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл үргэлжилсээр байна.
Үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
