Үйл явдал
Улсын их дэлгүүрт гарсан галын нөхцөл байдалтай танилцлаа
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр ОБЕГ, ЦЕГ болон нийслэлийн удирдлагуудтай уулзалт хийж, Улсын их дэлгүүрт энэ сарын 07-нд гарсан галын нөхцөл байдалтай танилцан, галын шалтгаан, хохирлын хэмжээг ойрын хугацаанд тогтоож, танилцуулахыг үүрэг болголоо.

Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Энэ жил УИД-т НОБГ-аас төлөвлөгөөт шалгалт хийсэн. Шалгалтын үеэр галын аврах гарцыг хааж бараа хураасан, дохиолол нь гэрэлтүүлэггүй, гал түймэр гарсан үед хүний амь аврах зориулалтын гарц тодорхой болгоогүй, гал унтраах багаж хэрэгсэл хангалтгүй зэрэг зөрчил илэрсэн. Тиймээс албан шаардлага хүргүүлж, зарим зүйлсийг шалгалтын явцад залруулсан юм. Ер нь хүн ам олноор цуглардаг газрууд, гэр хорооллын айл өрх, үйлдвэр, худалдааны төвүүдэд шалгалт хийдэг. Нэг зүйлийг онцолж хэлэхэд хот төлөвлөхдөө гидрант буюу ус шахах хоолойг тусгадаггүй. Тиймээс өндөр орон сууц, худалдааны төвүүд заавал гаднаа гидранттай байх шаардлага тавьдаг болох нь зөв” гэлээ.

Гал гарсан шалтгааныг тогтоохоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын алба ажиллаж байна. Тухайлбал, энэ сарын 8-нд 25 мөрдөн байцаагч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20 шинжээч, 20 прокурор хэргийн газарт үзлэг хийж эхэлжээ. Энэ үеэр эхний ээлжинд 240 түрээслэгч, 220 цэгт шалгалт хийсэн байна. Одоо байгууламжийн 6, 7 дугаар давхар буюу гал гарсан хэсэгт үзлэг хийж байгаа бөгөөд угаарын хий бүрэн арилаагүй, гал унтраасан их хэмжээний ус хэвээр байгаа зэрэг нь хүндрэл үүсгэж байгааг Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал танилцуулав.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Барилгын норм, дүрэм журмыг эргэж харах нь зөв. Тухайлбал, олон хүн ажилладаг, олон байгууллага түрээслэдэг газар хий хэрэглэхийг зөвшөөрөх эсэх, хэрэглэсэн тохиолдолд ямар хяналт тавих вэ гэдэгт анхаарах шаардлагатай. Улаанбаатар хотын төвийн ихэнх барилга 1940-1950 онд баригдсан. Тухайн үед гидрант төлөвлөөгүй. Тиймээс нийслэлд хэдэн гидрант байгааг тогтоох, шинэчлэх, стандартын шаардлагад нийцүүлэх, шинээр бий болгохыг цаашдын төлөвлөгөөндөө тусгах хэрэгтэй. Өндөр барилгад гарсан галыг унтраахад бусад улсад ашигладаг дэвшилтэт технологи нэвтрүүлэх, зориулалтын автомашин, өндрөөс гал унтраах, хайгуул хийх хүчин чадалтай нисгэгчгүй төхөөрөмж буюу дрон авах асуудлыг судалж, шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоог гаргах хэрэгтэй. Үүнийг улс, нийслэлийн төсөвт тусгах хэрэгтэй юм” хэмээн онцоллоо.
Гал түймрийг унтраах үйл ажиллагаатай зэрэг тус объектод ажиллаж байсан утаанд угаартаж, хордсон 7 иргэнийг барилгын 7 давхраас автомеханик шатаар аврах үйл ажиллагааг явуулсан. Мөн 6, 7 дугаар давхарт гал түймэр бүрэн тархаж, шатлага явагдаж байсныг зогсоож 1-5 дугаар давхарт гал түймрийг тархан дэлгэрүүлэлгүй, эд хөрөнгийг авран хамгаалсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Хэн юу хэлэв...2023/03/23
Г.Занданшатар: Төрийн албаны нэр хүндийг өргөхийн тулд ёс зүйг хуульчлахыг зорьж...
-
Тод зураг2020/02/20
БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын анхааралд...
-
Үйл явдал2021/10/21
Citys podcast : Шинэ санаа, боломж, гарааны бизнес
-
Дэлхий нийтээр..2021/04/02
“Нэг тархи нэгдсэн систем” төслийг боловсруулан, 2021-2024 онд хэрэ...
