Үйл явдал
НҮБ-ын Төрийн албаны өдөр тохиож байна
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 23-ныг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэж, гишүүн орнууддаа энэ өдрийг тохиолдуулан хөгжлийн үйл явцад төрийн албанаас оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзсэн тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байхыг уриалсан байдаг.
Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн зүгээс НҮБ-ын төрийн албаны чиглэлээр явуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн билээ.
Мөн Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй төрийн албаны шинэтгэлийг олон улсын байгууллага дэмжиж буйн нэгэн илрэл нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл юм.
Энэ удаагийн Төрийн албаны өдрийг НҮБ-аас COVID-19 цар тахалтай тэмцэхэд тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчдад гол анхаарлаа хандуулан байна.
“Тэргүүн эгнээнд COVID-19 цар тахал өвчний эсрэг тэмцэж буй төрийн албан хаагчдад хүндэтгэл үзүүлэх нь” сэдэвт олон хүний амь насыг аврах ажлыг дэмжин урамшуулсан виртуал арга хэмжээг зургаадугаар сарын 23-ны өдөр Улаанбаатарын цагаар 21.00-23.00 цагийн хооронд НҮБ-ын төв байранд зохион байгуулах юм.
Жил бүр тохиодог Төрийн албаны өдрийн гол зорилго нь Төрийн албан хаагчдын ажил үйлсийг үнэлж цэгнэж, төрийн албаны залгамж халаа болсон нарийн мэргэжил, өндөр ур чадвартай залуу үеийнхнийг төрийн албанд ажиллахыг уриалан дуудах, улс орныхоо хөгжилд төрийн албаны оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзэж, төрийн үйлчилгээний ач холбогдлыг нийгэм орчиндоо түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Монгол төрийн нэр хүндтэй эрхэм албыг хашиж яваа нийт төрийн албан хаагчид Та бүхэнд НҮБ-ын төрийн албаны өдрийн мэндчилгээ дэвшүүлье!
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл
Улаанбаатар хот
2020 оны 06 сарын 22-ны өдөр

Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Дэлхий нийтээр..2024/08/27
Чийрэгжүүлэлтийн танхим байгууллаа
-
Дэлхий нийтээр..2021/04/06
Монголын анхны папараци сэтгүүл “Соронз” аппликейшнаар хүрдэг боллоо...
-
Дэлхий нийтээр..2025/07/01
Намууд санхүүгийн хагас жилийн тайлангаа нийтэд мэдээлнэ
-
Хэн юу хэлэв...2022/04/18
Төрийн хэмнэлтийн хүрээнд “UBCAB” ХХК-тай хамтран ажиллах санал тави...
